Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр говиор 29-34 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Сэрүүсэж 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Гал түймэр

Объектын түймэр: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 5 дугаар хороо, Самбуугийн гудамжинд “Тэди” худалдааны төвийн 4 дүгээр давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 08:53 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 08:54 цагт очиход “Тэди” худалдааны төвийн 4 дүгээр давхрын 3х3 метрийн хэмжээтэй /9 түрээслэгчтэй/ гар утасны сэлбэг засварын үйлчилгээний лангуу, эд зүйл шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Архангай аймаг, Эрдэнэбулган. Цогт-Уул багийн 72 дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 06.46 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 06:49 цагт очиход тус байрны 1 дүгээр орцонд цахилгаан хуваарилах самбараас гал гарч, тус орцны үүдний хэсэг шатаж байсныг 49 минут ажиллан унтрааж, утаажилтын бүсээс 7 иргэнийг гаргасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 7 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09:09 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 09:21 цагт очиход иргэн Д-ын 9х8 метрийн хэмжээтэй 2 давхар монсардтай байшингийн дээвэр эд хогшил, иргэн Ч-ын 8х6 метрийн хэмжээтэй байшингийн цонх, 2 метр орчим хашаа тус тус шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 3 дугаар хороо, 19 дүгээр хорооллын “Нутгийн буян” хотхонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 11:42 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 11:45 цагт очиход тус хотхоны хогийн цэгт хог шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. “Ган зам” багийн Хилчний гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11:55 цагт /11:57 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид, 1.1 км замыг туулан 11:57 цагт очиход иргэн Б-ын “Тоёота Кроун” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 4 минут ажиллан унтраасан.

Дорноговь аймаг, Айраг сум. “Цагаан дөрвөлж” багийн 3 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 12:26 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 12:29 цагт очиход иргэн О-ны 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 14 минут ажиллан унтраасан.

Орхон аймаг, Баян-Өндөр сум. Оюут багт байранд айл шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 00:12 цагт /00:17 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 00:16 цагт очиход тус байрны 3 дугаар орцонд иргэн З-ын 2 өрөө байрны тавилга, эд хогшил шатаж байсныг 45 минут ажиллан унтрааж, утаажилтын бүсээс 43 хүнийг гаргасан.

Ой, хээрийн түймэр: Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум. 1 дүгээр багийн “Норов-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 14:33 цагт /14:40 цагт/ хүлээн авсан.

Тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн цэргийн …. дугаар ангийн 6 дугаар заставын алба хаагчид 120 км замыг туулан 19:28 цагт очиж, ажиллан 07.22-ны өдрийн 03:35 цагт цурманд оруулж, 11:42 цаг ажиллан бүрэн унтрааж, Хилийн цэргийн …. дугаар ангийн 6 дугаар заставын даргад хүлээлгэн өгсөн.

Дорнод аймаг, Матад сум: Мэнэн багийн “Хашаат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 17:23 цагт /17:26 цагт/ хүлээн авсан.

Тус сум дахь Хилийн цэргийн ….дугаар ангийн 4 дүгээр заставын алба хаагчид 30 км замыг туулан 17:56 цагт очиж, 01:29 цаг ажиллан хээрийн түймрийг бүрэн унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол

Усны осол: Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Тээл багийн “Баруун тэрмийн тавилан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 25 км/-т 07.10-ны өдрийн 16:00 цагийн орчим малчин Д “Сэлэнгэ” мөрний усаар адуугаа гаргаж байгаад морьтойгоо осолдсон тухай дуудлагыг мөн өдрийн 16:25 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар,  Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн  алба хаагчид, ар гэрийнхэн 07.21-ний өдрийн 06:00 цагаас 20:30 цаг хүртэлх хугацаанд иргэн Д/33 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг Тээл багийн “Ацын тавилан” гэдэг газраас зүүн зүгт Хутаг багийн “Адаг” гэдэг газар хүртэл 45 км-т,  Хутаг багийн “Гуртын гүүр” гэдэг газраас зүүн зүгт Сэлэнгэ сум хүртэл 145 км-т, Сэлэнгэ мөрний усаар завиар урсаж, 3 метрийн гүнд 3 удаагийн шумбалт хийж, “Баруун тэрмийн тавилан” гэдэг газраас зүүн зүгт “Ацын тавилан” гэдэг газар хүртэл  25 км-т голын эрэг дагуу явганаар болон морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 07.22-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 7 дугаар баг, “Гарден” хотхоны урд “Хэрлэн” голд 5 хүүхэд орж байснаас 2 хүүхэд 09:20 цагийн орчимд живсэн тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 09:25 цагт /09:29 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 09:31 цагт очиж, “Хэрлэн” голд эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 11:53 цагт тус сумын 1 дүгээр багийн “Станцын далан” гэдэг газар /осолдсон газраас зүүн зүгт 5 км/-т усны мандал дээр байсан З/16 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж, тус багийн “Ялалтын гүүр” гэдэг газар /осолдсон газраас зүүн зүгт 15 км/-т усны мандал дээр байсан Э /14 настай, эрэгтэй/-гийн цогцсыг 20:45 цагт олж гарган Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.

Өндрөөс унах: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 7 дугаар хороо, 12 дугаар байранд 4 дүгээр давхарын тагтнаас хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 13:00 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 6 км замыг туулан 13:15 цагт очиход тус байранд оршин суугч, иргэн О/21 настай, эмэгтэй/ гэрийнхээ тагтнаас үсэрч, амиа хорлох гэж байсныг 5 дугаар давхрын айлын тагтнаас аврах олсоор бууж, ярилцлага хийж буулган, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 16 дугаар хороо, 26 дугаар байранд 4 дүгээр давхарын цонхны тавцангаас хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг 14:06 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:09 цагт очиход тус тоотод оршин суугч С /8 настай, эмэгтэй/ гэрийнхээ тагтан дээрээс унах гэж байсныг тухайн айлын хаалгыг онгойлгон хүүхдийг буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

Шаварт суусан: Дорнод аймаг, Халхгол сум. Цогтсүмбэр багийн “Нарийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 360 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 1.5 км/-т “Нарийн гол”-д /4 зорчигчтой/ суудлын автомашин суусан тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 00:12 цагт /00:18 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 00:16 цагт очиход Халхгол сумын харьяат иргэн С-ын жолоодож явсан “Приус-30” загварын суудлын автомашин тухайн голд суусан байсныг 25 минут ажиллан татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top