Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дарьгангын талаар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд нутгийн өмнөд хэсгээр, 26, 27-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Гал түймэр

Объектын түймэр: Дорноговь аймаг, Замын-Үүд сум. 1 дүгээр багийн Эрх чөлөөний гудамжинд зочид буудлын 4 дүгээр давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 00:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 00:04 цагт очиход иргэн Э-ын эзэмшлийн зочид буудлын 4 дүгээр давхрын 7 тоот өрөөнд зурагт, сандал, буйдан шатаж байсныг 31 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймаг, Норовлин сум. Онон багийн “Кабинтайн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 200 км, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км/-т байшин шатсан тухай мэдээллийг 07.22-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан.

Тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б-ээр ахлуулсан ажилтнууд 08:35 цагт очиж иргэн Г-ын 12х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 3 цаг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. 5 дугаар багийн 2 дугаар хэсэгт эзэнгүй байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 16:14 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:22 цагт очиход иргэн М-ын 28х6 метрийн хэмжээтэй залгаа 2 байшин шатаж байсныг 43 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 8 дугаар хороо, Холбоо толгойн 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 02:25 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 02:45 цагт очиход иргэн Э-ын 8х5 метрийн хэмжээтэй байшин байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороо, Гачууртын Их-Аманд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 04:27 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 04:48 цагт очиход эзэн тодорхойгүй 10х10 метрийн хэмжээтэй 2 давхар монсардтай байшин, 3х10 метрийн хэмжээтэй гарааш тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол

Зам, тээврийн осол: Баян-Өлгий аймаг, Толбо сум. Орон нутгийн автозамын 33 дугаар тэмдэгтийн дэргэд /аймгийн төвөөс урд зүгт 33 км, сумын төвөөс баруун хойд зүгт 37 км/-т “Шар нуур” гэдэг газар зам тээврийн осол гарсан тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 33 км замыг туулан 20:50 цагт очиход тус аймгийн Толбо сумаас Өлгий сумын чиглэлд зорчин явсан “Харриер” загварын суудлын автомашин автозамын төмөр хашлагыг мөргөж Дархан уул аймгийн харьяат иргэн Ү/38 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 1 цаг 20 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн.

Усны осол: Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Тээл багийн “Баруун тэрмийн тавилан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 25 км/-т 07.10-ны өдрийн 16:00 цагийн орчим малчин Д “Сэлэнгэ” мөрний усаар адуугаа гаргаж байгаад морьтойгоо осолдсон тухай дуудлагыг мөн өдрийн 16:25 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 07.22-ны өдрийн 06:00 цагаас эхлэн иргэн Д /33 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 13:05 цагт анх осолдсон газраас зүүн зүгт 15 км-т, Тээл багийн “Зүүн тэрэм” гэдэг газраас “Сэлэнгэ” голын усны мандал дээр цогцос нь хөвж байсныг олж гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top