Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29, 30-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 27-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд зарим газраар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар, секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Гал түймэр

Объектын түймэр: Өмнөговь аймаг, Даланзадгад сум. Их-Уул багт худалдааны төвийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 14:15 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:20 цагт очиход Ө-гийн эзэмшлийн “Зөв” бөөний худалдааны төвийн 2 метр орчим хашаа шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Ховд аймаг, Булган сум. Далт багийн “Хөх тохой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 383 км, сумын төвөөс баруун урд зүгт 3 км/-т бууц шатаж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 14:42 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:48 цагт очиход иргэн П-ийн 3х3 метрийн хэмжээтэй бууц шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Цагаанбэлчир багийн “Мухарын хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 75 км, сумын төвөөс хойд зүгт 15 км/-т Иргэн А-ын 5 ханатай гэр 07.25-ны өдрийн 17:00 цагийн үед шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 17:25 цагт хүлээн авсан.

Иргэн А-ын /эзэнгүй байсан/ 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт шатсан тухай мэдээллийг иргэн Г аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 12 дугаар хороо, 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.26-ны өдрийн 03:04 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 03:23 цагт очиход эзэн тодорхойгүй 5 ханатай гэр, эд зүйлс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.26-ны өдрийн 03:50 цагт /04:04 цагт/ хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 04:05 цагт очиход иргэн Б-ны 12х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол

Усны осол: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 12 дугаар хороо, “Био”-гийн гүүрний зүүн талд “Туул” голд бага насны хүүхэд осолдсон тухай дуудлагыг 07.25-ны өдрийн 11:02 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан 11:33 цагт очиход Баянгол дүүргийн харьяат Н, Х нар “Туул” голын эрэг дээр сууж байхад нь нохой дайрсны улмаас гол руу унасан байсныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж иргэн Н /18 настай, эмэгтэй/-ийг анх осолдсон газраас 40 метрийн зайд “Биокомбинат”-ын гүүрний тулгуур баганы суурь шороон дээр гарсан байсныг эсэн мэнд, Х /4 настай, эмэгтэй/-г анх осолдсон газраас баруун зүгт 2 км зайтай газар усны мандал дээр хөвж байсныг олж цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 9 дүгээр хороо, Бурхантын 23-ын задгайд “Туул” голын эрэгт 5 хүн зугаалж явсанаас 1 хүн усанд сэлэхээр ороод алга болсон тухай дуудлагыг 07.25-ны өдрийн 17:22 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 6 км замыг туулан 17:33 цагт очиж иргэн Ж /51 настай, эрэгтэй/-ийг анх осолдсон газраас баруун зүгт “Био”-гийн гүүр гэдэг газар хүртэл “Туул” голд 8.5 км-т завиар урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 20:50 цагт түр зогсоосон. 07.26-ны өдрийн 10:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум. 5 дугаар багийн “Билүү толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 160 км, сумын төвөөс баруун урд зүгт 90 км/-т “Хотон” нуурын эрэгт 8 хүн зугаалж явсанаас 2 хүн усанд осолдсон тухай дуудлагыг 07.25-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 23:40 цагт гарч 160 км замыг туулан 07.26-ны өдрийн 07:10 цагт “Билүү толгой” гэдэг газар очиж “Хотон” нуурын уснаас иргэн Н/22 настай, эрэгтэй/, А/22 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Бусад төрлийн осол /аюул/: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 21 дүгээр хороо, “Буянт-Ухаа 2” хотхонд нүхэнд хүн унасан гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 20:34 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 13 км замыг туулан 20:50 цагт очиход иргэн Д /59 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 3.5 метрийн гүнтэй барилгын суурийн нүхэнд унаж гэмтсэн байсныг 20 минут ажиллаж эсэн мэнд гарган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 9 дүгээр хороо, “Туул” голд автомашин /3 зорчигчтой/ голын усанд суусан гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 23:19 цагт /23:44 цагт/ хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан 00:01 цагт очиход “Приус-30” загварын суудлын автомашин “Туул” голын усанд сууж тус автомашины жолооч О-ын /26 настай эрэгтэй/, зорчигч Б/25 настай эрэгтэй/, Ч /26 настай эрэгтэй/ нарыг аврах завь ашиглан аюулгүй газарт гаргаж, автомашиныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top