Монгол оронд сүүлийн 80 жилийн хугацаанд жилийн дундаж температур 2.2 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас 2.5 дахин эрчимтэй буюу Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөх магадлал өндөртэй гэдгийг харуулж байна.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын гамшигт үзэгдлийн статистикийг сүүлийн 10 жилээр харьцуулж үзэхэд гамшиг, аюулт үзэгдлийн тоо хоёр дахин нэмэгджээ. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд шинжлэх ухааны салбаруудын оролцоог нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг дэмжих чиглэлд ажиллах шаардлага тулгарч байгаа юм.
Энэ ч үүднээс Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс жил бүр “Гамшиг судлал, инновац” сэтгүүлийг эрхлэн гаргадаг юм.
Энэ удаагийн дугаарыг “Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачилга” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл шалгаруулах уралдааны хоёрдугаар шатанд амжилттай оролцсон шилдэг өгүүллэгүүдийн эмхэтгэлээр бэлтгэн хүргэж байна гэж Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээллээ.