Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

  1. Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дорноговь, Завхан, Орхон, Өмнөговь, Увс, Ховд аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнодын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, 29-31 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-ний төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, 5-ны өдөр нутгийн зарим газраар, 6-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 34-39 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 5-ны өдөр нутгийн баруун хойд хэсгээр, 6-ны өдөр ихэнх нутгаар сэрүүснэ.

2. Гал түймэр

Объектын түймэрУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.02-ны өдрийн 04:14 цагт хүлээн авсан.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 04:15 цагт ангиас гарч 5.5 км замыг туулан 04:21 цагт очиход иргэн Б-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.     

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол

Усны осолАрхангай аймаг, Өлзийт сум. Зам, гүүрийн ажилд оролцож байсан 1 хүн “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 14:09 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 15:10 цагт ангиас гарч 103 км замыг туулан 18:27 цагт очиход “Орхон” гол дээр шинээр гүүр угсралтын ажлыг гүйцэтгэж байсан иргэн С /24 настай, эрэгтэй/ голын усан доторх гүүрний байгууламж дээр ажиллах явцдаа урсаж, живсэн байсан тул тус байгууллагын ажилчид, ар гэрийнхэнтэй хамтран мөн өдрийн 18:30 цагаас 22:00 цаг хүртэл осолдсон газраас зүүн зүгт 7 км-т завиар урсаж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 08.02-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Дорнод аймаг, Халхгол сум. Ээж, дүүгийнхээ хамтаар “Халх” голоос ус авч байсан бага насны хүүхэд голын усанд сэрүүцэх гэж байгаад хөл алдаж живсэн тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 18:58 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид 19:41 цагт ангиас гарч 70 км замыг туулан мөн өдрийн 21:27 цагт тухайн газарт очиж хоноглосон. 08.02-ны өдрийн 04:00 цагт тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Хилийн 306 дугаар ангийн алба хаагчид, 2 завьтай хамтран А /12 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг эхлүүсэн бөгөөд мөн өдрийн 07:25 цагт осолдсон газраас баруун зүгт 10 км-т “Халх” голын усны мандал дээр хөвж явсан тухайн хүүхдийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Шаварт суусанХовд аймаг, Зэрэг сум. Чандмань сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 06:12 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 06:13 цагт ангиас гарч 40 км замыг туулан 07:05 цагт очиход иргэн Б-ийн “Приус-20” загварын суудлын автомашин “Өргөн ширэг” гэдэг газар шаварт суусан байсныг 20 минут ажиллаж татан гаргасан.    

Бусад төрлийн осол /аюул/: Завхан аймаг, Тосонцэнгэл сум. 50 тоннын багтаамжтай шатахуун хадгалах сав /шатахуунгүй сав/ руу тус байгууллагын 1 ажилтан унасан тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 09:34 цагт хүлээн авсан.

 Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09:45 цагт ангиас гарч 3 км замыг туулан 09:37 цагт очиход тус шатахуун түгээх салбарын ажилтан М /53 настай, эрэгтэй/ шатахуун хадгалах 50 тоннын багтаамжтай савны үлдэгдэл цэвэрлэж байгаад сав руугаа унаж, ухаан алдсан байсныг 4 минут ажиллан эсэн мэнд гаргаж, сумын Нэгдсэн эмнэлэгийн Түргэн тусламжийн тасгийн бага эмч Б-д хүлээлгэн өгсөн. (Тухайн ажилтаны биеийн байдал хэвийн байна).

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. Тус тоотод 1 хүн амиа хорлож болзошгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 08.02-ны өдрийн 05:35 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 05:36 цагт ангиас гарч 6.5 км замыг туулан 05:46 цагт очиж, аврах олс ашиглан тус тоотын цонхоор нь орж дотроос нь хаалгыг онгойлгож өгсөн. Дотор нь иргэн Х /26 настай, эрэгтэй/ согтуугаар унтаж байсныг тус дүүргийн Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

4. Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл

Салхи, шуурга – Хүчтэй салхи шуурга:

Дорноговь аймаг, Хөвсгөл, Хатанбулаг сум. 08.01-ний өдрийн 14:00 цагийн орчим 16-18 м/сек түр зуурын хүчтэй шороон шуурга шуурч, мөндөр орсны улмаас 19 гэр нурж, 2 автомашины шил хагарсан тухай мэдээллийг мөн өдрийн 20:20 цагт хүлээн авсан.

Шуурганд Хөвсгөл сум дахь Хилийн 0168 дугаар ангийн 5, 8 дугаар заставын 5 ханатай 4 гэр болон Хатанбулаг сумын 15 өрхийн гэр /нийт 19 гэр/ нурж эвдэрсэн бөгөөд мөндөрт иргэн А-ийн “Приус-20” загварын суудлын автомашин, иргэн Л-ын “Харриер” загварын суудлын автомашинуудын шил хагарсан тухай мэдээллийг Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Үер – Уруйн үер:

Увс аймаг, Улаангом сум. 08.01-ний өдрийн 17:00-18:00 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас 1 айлын байшин үерийн усанд автсан тухай дуудлагыг 08.01-ний 19:25 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 19:26 цагт гарч 4 км замыг туулан 19:27 цагт очиход иргэн Ц-ийн 5х13 метрийн хэмжээтэй байшин усанд автсан байсныг 1 цаг 29 минут ажиллаж усыг соруулж аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top