Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32-37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, 5-нд нутгийн зарим газраар, 6-нд говь, тал, хээрийн нутгаар, 7-нд тал хээрийн нутгаар 12-14 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 5-нд нутгийн баруун хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

2.Гал түймэр:

 – Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн 13 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.02-ны өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 12:19 цагт очиход иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг 3 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Санрайз Таур” хотхон хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 17:16 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход хогийн цэгт хог шатсаны улмаас оффисын барилгын гадна дулаалга /фасад/ 1-8 давхар хүртэл шатаж байсныг 40 минут ажиллан унтрааж, утаажилтын бүсээс 25 иргэнийг гаргасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит багийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.03-ны өдрийн 02:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Ө-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 41 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн “Дуут толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 103 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 22 км-т/ Зам, гүүрийн ажилд оролцож байсан 1 хүн “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 14:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 08.02-ны өдрийн 06:00 цагаас 21:40 цаг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат иргэн С /24 настай, эрэгтэй/-г  эрэн хайх ажиллагааг анх осолдсон Дуут толгой гэдэг газраас зүүн зүгт 15 км/т  Орхон голын усаар завиар урсаж, мөн 6 метрийн гүнд 26 удаа шумбалт хийн зохион байгуулсан. 08.03-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Баянцагааны урд-Энгэр” гэдэг газар “Туул” голын усанд 2 хүн орж байгаад 1 хүн живсэн гэсэн дуудлагыг 15:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 18 км замыг туулан очиж, Хэнтий аймгийн харьяат иргэн Б /25 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 4 метрийн гүнд 15 удаагийн шумбалт хийж, 19:02 цагт анх осолдсон газраас цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

4.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Үер – Уруйн үер: Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн 1,2,3 дугаар хэсэг /aймгийн төвөөс хойд зүгт 320 км, сумын төв-д/ 08.02-ны өдрийн 14.40-15:20 цагийн хооронд түр зуурын усархаг бороо орсны улмаас үер бууж 11 гэр усанд автсан гэсэн дуудлагыг 16:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид Г-ын 8х10 метрийн хэмжээтэй байшин усанд автсан байсныг 01:30 цаг ажиллан усыг соруулж, мөн 4 гэрийг нүүлгэн шилжүүлж, 19 хүн /том хүн 8, хүүхэд 11/ усанд боогдсон байсныг аюулгүй газарт гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top