Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 33-38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 5-нд нутгийн зарим газраар, 6, 7-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 5, 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 220 дугаар байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 08.03-ны өдрийн 09:17 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1.6 км замыг туулан 09:21 цагт очиход хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Зүүн-Алтан Өлгий”-ийд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.03-ны өдрийн 09:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн М-ын 5 ханатай гэр, 3х5 метрийн амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Гал түймэрт К /70 настай, эрэгтэй/ өртөж нас барсан.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Тэнгэлэг багийн “Хонгор” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 121 км, сумын төвөөс баруун хойд зүгт 19 км/-т гэр шатсан тухай мэдээллийг 08.03-ны өдрийн 13:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 19 км замыг туулан очиход малчин Б-ийн 4 ханатай гэр, эд зүйлсийн хамт бүрэн шатсан байсан.

Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 2 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.03-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Х-ийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн “Жаргалант” хорооллын 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 03:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход эзэн тодорхойгүй 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн Жирмийн бор-Овоо гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 21:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн алба хаагчид ажиллаж 08.03-ны өдрийн 23:15 цагт түймрийг цурманд оруулж, 23:50 цагт бүрэн унтраасан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол – Автозамын тээврийн осол: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн “Нуурын босго” гэдэг газарт 08.02-ны өдөр зам тээврийн осол болж 2 иргэн хүнд гэмтсэн, Улаанбаатар хот руу автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг 08.03-ны өдрийн 13:45 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын МТ-1111 нисдэг тэрэг 08.03-ны өдрийн 13:58 цагт Улаанбаатар хотоос хөөрч, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 16:12 цагт газардаж, иргэн Н /35 настай, эрэгтэй/, П /33 настай, эрэгтэй/ нарыг авч 17:04 цагт хөөрч, Улаанбаатар хотод 19:15 цагт тээвэрлэн авчирч, эсэн мэнд хүлээлгэн өгсөн.

Усны осол: Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн “Дуут толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 103 км, сумын төвөөс баруун урд зүгт 22 км Зам, гүүрийн ажилд оролцож байсан 1 хүн “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 14:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Хурдны зам ХХК-ийн ажилтнууд, ар гэрийнхэн 08.03-ны өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 20:40 цаг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат иргэн С/24 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг Дуут толгой гэдэг газраас зүүн хойд зүгт “Хархираа” гэдэг газар хүртэл 15 км-т Орхон голын усаар завиар урсаж, мөн 6-9 м-ийн гүнд 7 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 08.04-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн давааны орчим “Туул” голын усанд 1 эмэгтэй хүн ороод алга болсон тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 01:20 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 01:21 цагт ангиас гарч 20 км замыг туулан 01:45 цагт очиж Архангай аймгийн харъяат иргэн Д/30 настай, эмэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-г эрэн хайх ажиллагааг 08.03-ны өдрийн 05:00 цагаас эхлэн “Туул” голын усанд зохион байгуулж мөн өдрийн 13:18 цагт анх осолдсон газраас баруун зүгт 5 км-т “Сонгино” амралтын газрын дэргэд “Туул” голын эргээс цогцсыг олж гарган Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top