Анх 1931 онд Хөвсгөл аймгийн төв хэмээн байгуулагдаж байсан Хатгал тосгон хотжилт, хүн амын нягтаршлаараа аймагтаа хоёрдугаарт ордог суурин газар төдийгүй усан замын боомт тосгон гэдгээрээ онцлог. Энэ л газрын хүн амын аюулгүй байдлыг хангах, хамгаалах, хор уршгийг арилгах үүргийг аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн хамт олон гүйцэтгэж байна.
Засгийн газрын 2017 оны 192 дугаар тогтоолын дагуу 2018 онд байгуулагдсан тус ангийн түүх угтаа 1934 оноос эхлэлтэй. Ингэж тодотгосны учир нь 1934 онд Ноос угаах үйлдвэрийн гал эсэргүүцэх гэрээт харуулын хэсгийг Хатгал тосгонд 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Улмаар БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1969 онд аймгийн Онцгой байдлын газрын үндсэн бүтцийн нэгж болгон Гал унтраах, аврах 46 дугаар анги нэртэйгээр өөрчилсөн ч хүн ам нүүдэллэн шилжиж, орон нутаг эзгүйрсэнтэй холбоотойгоор 2001 онд татан буулгасан байна.
Улмаар 2018 онд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги хэмээн шинээр байгуулагдсан нь энэ.
Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги үйл ажиллагаагаа эхлүүлээд дөрвөн жил болж байгаа ч орон нутгийн дэмжлэгтэйгээр шинэ байртай болж, ажиллах орчин нөхцлөө сайжруулах тохижилтын ажлыг алба хаагчид өөрсдийн хүчээр хийсэн байна.
Түүнчлэн алба хаагч бүрийг хөгжүүлэх, суралцах боломжоор хангахыг удирдлагын зүгээс анхаарч, хүн нэг бүрийг компьютертэй болгож, хувийн тайлан төлөвлөгөөгөө боловсруулах, шинийг сурах нөхцлөөр хангажээ.
Мөн энэ ангийнхан тосгондоо үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болоод хувийн байгууллага, иргэдэд үлгэр жишээч байхыг эрхэмлэдэг. Энэ тухайгаа, онцгой байдлын алба гэдэг бүх зүйлээрээ онцгойрч, ялгарч, алба хаагчид нь чадвартай, боловсролтой, харилцааны өндөр чадамжтай байх ёстой гэдэг зарчмыг баримтлан ажилладаг гэж ангийн захирагч, ахмад Ц.Саруулсайхан ярина билээ. Түүний хувьд 2016 онд ДХИС-ийн ОБС-ийг төгсөөд Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн салааны захирагчаар томилогдож байж. Унаган хотын хүүхэд тэрбээр чемоданаа чирээд нэг ч танилгүй Хөвсгөл аймгийг зорин ирсэн бөгөөд 23 настай хамгийн залуу салааны захирагч гэгдэж, улмаар 2018 онд 69 дүгээр анги байгуулагдахад анхны салааны захирагчаар томилогдон, 2019 оноос ангийн захирагч албан тушаалыг хашиж байгаа аж.
Харин ангийн бүрэлдэхүүний 60 гаруй хувийг Хатгал тосгоны иргэд бүрдүүлдэг. Тус ангид 1-22 жил ажиллаж байгаа үе, үеийн аврагчид үүрэг гүйцэтгэн, залгамж халаагаа бэлтгэх, сургах, хамтран ажиллах бодлогыг хэрэгжүүлж байна.
Хатгал тосгоны хувьд 3000 гаруй иргэн оршин суудаг ч аялал, жуулчлалын улирал эхлэхээр 10-20 мянган хүн зорин ирдэг онцлогтой бүс нутаг.
Цас, шаварт суусан, боогдсон болон зам тээвэр, усны ослын дуудлага зонхилно. Тус ангийн хувьд Алаг-Эрдэнэ, Хатгал, Улаан-Уул, Ринчинлхүмбэ, Ханх гэсэн хөрш зэргэлдээх сумдад хүрч үйлчилдэг. Зам даваа бартаа ихтэй учир хуурай замаар явахад цаг хугацаа их шаарддаг байна. Тиймээс завиар аврах ажиллагааг зохион байгуулах боломжийг эрэлхийлж, гал унтраах тактикийн сургуулийг анх удаа завьтай зохион байгуулжээ.
Хөвсгөл нуурын эргээс 100-200 метр зайд амралтын баазууд үйл ажиллагаа явуулдаг учир завиар аврах ажиллагаа явуулахад цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой гэдгийг дадлагаар баталгаажуулан, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхлээд байна.
Биднийг тус ангиар цухасхан зочлоход алба хаагчдын зарим нь аж, ахуйн ажил эрхэлж, зарим нь хичээлээ давтан тус тусдаа оноогдсон ажлаа хийх аж. Залуус ямар хичээлд шамдаж байгааг сонирхоход хуулийн болоод англи хэлний хичээлээ давтаж байлаа. Хөвсгөл нуурыг гадаадын олон орны аялагчид зорин ирдэг учраас гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор тус суманд ажиллаж, амьдардаг Мики багшаар англи хэлний хичээл заалгадаг гэнэ.
Мөн олны танил хүмүүс аялж, зугаалж явахдаа нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийг гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх аянд нэгдэж, үзэл бодол, үгээ илэрхийлдэг байна. Үүнийг нь олон нийтэд сурталчлан таниулахын тулд алба хаагч бүр нэгдсэн нэг программаар сард 2-3 удаагийн сэрэмжлүүлэг постерыг бэлтгэн хүргэдэг гэнэ.
Хатгал тосгоны хувьд 3 багтай. Багуудаа салаа бүрээрээ хуваарилан авч, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг. Уламжлалт аргаас илүү орчин үетэйгээ хөл нийлүүлэн сошиал ертөнцийг ашиглаж сурталчилгаа, мэдээллээ түгээн ажилладаг гэдгийг онцоллоо.
Шинээр томилогдон ирж байгаа алба хаагчдын амьдрах, өвлийн зориулалтай хоёр шовгорыг барьж, бусад газраас томилогдон ирсэн 8 аврагч тус бүрийг 0,7 га газартай болгож, шинэ гудамжийг бий болгожээ.
Мөн алба хаагчдынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалт дадлагыг уралдаан хэлбэрээр зохион байгуулж, тэргүүлсэн алба хаагчдаа урамшуулан ажилладаг нь алба хаагч бүрийг хөгжүүлэх тулгуур болдог байна.
Түүнчлэн гал түймэр унтраах олон төрөлт техник спортын модон цамхагтай учир алба хаагч бүр бэлтгэлээ тогтмол хийж, бие бялдраа хөгжүүлнэ.
Ангийн хашаанд Гал командын анхны дарга Б.Чойжилжавын хөшөө сүндэрлэнэ. Тэрээр 1934 онд байгуулагдсан Ноос угаах үйлдвэрийн гал эсэргүүцэх гэрээт харуулын хэсгийн анхны дарга юм. Үр хүүхдүүд нь аавынхаа ажил, мэргэжлийг таниулах зорилгоор барьж, байгуулжээ. Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан 8 ахмад ажилтан Хатгал тосгонд амьдардаг бөгөөд ангийнхаа үйл ажиллагаатай танилцаж, туршлага дадлагаа хуваалцдаг байна.
Өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлж, эр зориг авхаалж, самбаа, мэдлэг мэдээллээ хослуулан хамтдаа тэмүүлэх их үйлсэд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Хотгойдын баатар Чингүнжавын
Зоригийг өвлөсөн охид хөвгүүд
Хотол олноо гамшгаас аварсан
Золбоо хийморьтой баатрууд минь ээ….
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин