Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Орхон, Өмнөговь, Увс аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-ний өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-ний нутгийн хойд хэсгээр, 12-ны өдөр баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн хэсэгт нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 13:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан очиход 20х30 метрийн хэмжээтэй нүүр агуулах байранд 5 тн орчим нүүрс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 46 дугаар байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 13:38 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход тус байрны гадна хогийн цэгт хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, 14 дүгээр байрны 2 дугаар орц хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 20:45 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход тус байрны 2 дугаар орцны хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Шагж аваргын хэсгийн задгай цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 10:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход иргэн З-ийн 10х12 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн 19 дүгээр гудамжнинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.08-ны өдрийн 01:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн А-ийн “Аксент” загварын суудлын автомашин шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.    

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

  Газар хөдлөлт: Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн “Нарны нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 220 км-т, сумын төвөөс баруун зүгт 19 км-т, Ө-46°58’48.0”, У-93°22’12.0”/ 08.08-ны өдрийн 02:06 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс мөн өдрийн 02:15 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дарви сумын Засаг дарга, Мөрөн багийн Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

– Автозамын тээврийн осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хөдөө аж ахуйн их сургууль”-ийн оюутны 2 дугаар байр, автозамын зорчих хэсэг суудлын автомашин байшин мөргөж, жолооч нь бүхээгтээ хавчуулагдсан тухай дуудлагыг 08.07-ны өдрийн 06:36 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход  нийслэлийн Баянзүх дүүргийн харьяат иргэн Т /18 настай, эрэгтэй/ согтуугаар “Жи-500” загварын суудлын автомашиныг жолоодож яваад оюутны 2 дугаар байрыг мөргөж, жолооныхоо хүрдэнд хөл хэсгээр хавчуулагдсан байсныг задаргааны багаж ашиглан ажиллан гаргаж, нийслэлийн ЯТТТ болон, Тээврийн цагдаагийн албаны ахлах мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top