Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Архангай, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт мал худалдааны захын урд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.06-ны өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 19 км замыг туулан цагт очиход махны үйлдвэрийн 10×18 метр хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 64Б байр дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 08.06-ны өдрийн 08:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиход иргэн Ш-ын эзэмшлийн дэлгүүрийн хөргөгч шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо барилгын гадна шатнаас өөрийгөө боомилсон хүний цогцос буулгахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг дүүргийн Цагдаагийн байгууллагаас 08.06-ны өдрийн 11:26 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 13 км замыг туулан очиход барилгын 6 м-ийн өндөр гадна аврах гарцын шатнаас Сонгинохайрхан дүүргийн иргэн И /30 настай, эрэгтэй/ боомилж нас барсан байсныг 10 минут ажиллаж цогцсыг буулган Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top