1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. 19-21 градус дулаан байна.
Төлөв байдал: 7-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 7-нд говь, талын нутгаар 12-14 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн зүүн хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд ихэнх нутгаар хална.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багийн Номгон хороололд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 14:29 цагт хүлээн авсан. Тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход иргэн Ц-ын 8х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 45 минут ажиллан унтраасан.
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багийн “Хүрээ дэнж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 154 км, сумын төвд/ Иргэн Б-ын 12х8 метрийн хэмжээтэй байшин 16:20 цагийн үед шатсан тухай мэдээллийг 08.05-ны өдрийн 16:26 цагт хүлээн авсан. Тус сумын Цэнгэл багийн Засаг даргаар ахлуулсан иргэд очиж, унтраасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн “Дунд буянт-Ухаа”-гийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 17:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход иргэн Б-ын 4 ханатай гэр шатаж байсныг 12 минут ажиллан унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Орхон багийн 1 дүгээр хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 22:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 22:43 цагт очиход /эзэнгүй/ 6х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 31 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн Б-ын 3х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 00:30 цаг ажиллаж унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Увс аймгийн Сагил сумын Өндөр мод багийн “Баян мод” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км, сумын төвөөс баруун зүгт 37 км/- 08.05-ны өдрийн 15:34 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс мөн өдрийн 15:42 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сагил сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн “Хиймэл нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс хойд зүгт 3 км/-т Сэтгэцийн өөрчлөлтэй иргэн П, /51 настай, эрэгтэй/ 08.01-ний өдрийн 07:00 цагийн үед иргэн О-ийн гэрээс гараад сураггүй болсон тухай дуудлагыг 08.05-ны өдрийн 23:40 цагт хүлээн авсан. Тус сумын Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиж тус сумын харьяат иргэн П /51 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Хиймэл нуур-ын эргээс 6 метрийн зайд усны мандал дээрээс цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын Хүрэл тогоот гэдэг газар 2 хүн жимс түүхээр яваад буцахдаа 1 хүн төөрсөн гэсэн дуудлагыг 08.06-ны өдрийн 03:18 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 40 км замыг туулан очиж, сонсголын бэрхшээлтэй иргэн Н /68 настай эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 06:30 цагт төөрсөн газраас зүүн хойд зүгээс 0.5 км-ээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Цас шаварт суусан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Монгол шилтгээний урд “Туул” голд дунд оврын автомашинтай 1 хүн урсаж байна гэсэн дуудлагыг 19:29 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 14 км замыг туулан очиход Баянзүрх дүүргийн харьяат иргэн А /33 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Тундра” загварын автомашин “Туул” голд урсаж, тухайн иргэн автомашиныхаа дээвэр дээр гарсан байсныг аврах завь ашиглан иргэнийг аюулгүй газарт гарган, автомашиныг татан гаргасан.
5. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
– Хүчтэй салхи шуурга: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд баг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 256 км, сумын төвд/ 08.05-ны өдрийн 14:08-14:34 цагийн хооронд 16 м/сек хүчтэй салхилж, аадар бороо орсны улмаас 3 гэр нурж, 1 байшин, 1 гэр усанд автсан гэсэн дуудлагыг 16:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр, Ө-ын 5 ханатай гэр, Б-ын 5 ханатай гэр нурж ашиглах боломжгүй болсон бөгөөд Б-ын 8х10 метрийн хэмжээтэй байшин, Н-ийн 5 ханатай гэр усанд автсан байсныг тус байшингийн усыг соруулан, гэрийг нүүлгэн шилжүүлсэн.
Үер – Уруйн үер: Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Яргайт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 35 км, сумын төвөөс зүүн зүгт 7 км/-т 08.05-ны өдрийн 19:00 цагийн орчимд дуу цахилгаантай хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас 2 гэр үерийн усанд урссан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга мөн өдрийн 23:01 цагт мэдээлсэн. Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд тухайн газар очиж нөхцөл байдалтай танилцсан. Үерийн усанд иргэн Ө-ын 6 ханатай гэр, Б-ийн 4 ханатай гэр урсаж ашиглах боломжгүй болсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР