Америкийн Пенсильвани мужид баасан гарагт байшин шатаж, 10 хүн амиа алджээ. Тэдгээр хүмүүс гал унтраахаар очсон гал сөнөөгчийн гэр бүлийн гишүүд байсан аж.
Филадельфи хотоос 150 км-ийн зайд орших Нескопек хотод болсон уг золгүй явдлын улмаас насанд хүрсэн долоон хүн, 5, 6, 7 насны гурван хүүхэд өртөж амиа алдсан байна. Сайн дурын гал сөнөөгч Харолд Бэйкер маш их цочирдож, хүү, охин, хадам аав, эхнэрийнхээ эгч болон нөхрийг, гурван ач зээ болон хамаатныхаа хоёр хүнийг алдсан тухайгаа AP агентлагт ярьжээ. Тэрээр “Би тийшээ орж, тэднийг аварч чадаагүйдээ маш их харамсаж, гашуудаж байна” гэв.
Гал баасан гарагийн шөнө 02:30 цагт гарсан тухай цагдаагийнхан мэдээлсэн байна. Тэд шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.
Бэйкер “Би эхний машинаар л очсон. Биднийг Деви гудамжаар эргээд ортол ямар байшин шатаж байгааг нь олж харсан. Очиход байшин бүхэлдээ галд автсан байлаа. Бид дотогш орох гэж оролдсон” хэмээн ярьжээ.
Аврагчид насанд хүрсэн гурван хүнийг л аварч чаджээ. Бэйкерийн хэлснээр түүний амиа алдсан 19 настай хүү ч мөн гал сөнөөгч байсан аж.
Хүүхдүүд нь уг байшинд амьдардаггүй, зуны амралтаа нагац ах, эгчийндээ өнгөрүүлж байсан гэнэ.
Эх сурвалж: ВВС