Жил бүрийн наймдугаар сарын 08-нд “Аавуудын баяр”-ын өдөр тохиодог. Энэхүү өдрийг тохиолдуулан охин Б.Отгонтуяагаас “Онцгой мэдээ” сонинд ирүүлсэн “Миний аав цэргийн хүн” дурсамж тэмдэглэлийг хүргэж байна.
Хүн болж төрсний минь хамгийн том зол заяа аав, ээжийнхээ охин нь болж мэндэлсэн минь байлаа. Хүмүүн төрлийг олж төрнө гэдэг өөрөө зүүний үзүүр дээр будаа тогтох мэт агуу завшаан. Харин тэр их золоор хүн болж төрөөд зогсохгүй, түрхэн зуурын энэхүү амьдралд хорвоод хүнд хайрлуулах ямар сайхан гэдгийг мэдрүүлсэн аав, ээжтэйгээ элэг бүтэн амьдарсан минь дээдийн жаргал буюу.
Эх орны хүү болсон эр цэргүүдээ магтан дуулах эл өдөр би аавыгаа дурсахгүй өнгөрч яаж чадах билээ. Өдөр бүр аавыгаа санаж, шөнөдөө зүүдэлж, санахдаа бүр үгүйлэн бэтгэрдэг ч, ганцхан удаа амьдрахдаа цэргийн хүн гэдэг нэрийг зүүж, цолыг нь хүртэж явсан аавыгаа жил бүрийн энэ өдөр бүр ч илүү эргэн дурсаж, “Миний аав цэргийн хүн байсан шүү” гээд дэлхий даяар алдаршуулмаар санагддаг юм.
Аавынхаа цэрэг байх үеийн хөгжилтэй дурсамжийг би хэзээ ч билээ хэдэн жилийн өмнө сонсож байсан юм. Цэрэгт байхдаа ижий аавыгаа санасандаа, амраг хайртаа үгүйлсэндээ оргож эсвэл оргох оролдлого хийж байсан эр хүн цөөнгүй л байдаг болов уу. Тэсвэр тэвчээргүйдээ биш шүү дээ, тэр бол амьдралын л нэг хэсэг, амьд байхын бас нэг утга учир. Тэр хүмүүст багтаад авсан аавын минь зорилго “ээжтэй минь уулзах” байж. Ээж минь энэ талаар ярихдаа залуу насаа нүдэндээ нэг үзээд, “Аав чинь цэргийн сургуульд байхдаа зарим нэг орой нууцаар гараад ээжтэй нь ирж уулзчихаад явдаг байсан юм.
Явах замдаа өөрийнхөө гэрийн малын хашааг цэмбийтэл цэвэрлэчихээд үүрээр сургууль руугаа явчихдаг байсан сан…” хэмээн инээмсэглэж байсан юм. Ирээд явахдаа ээж аавдаа жаахан ч болов тус болох гэсэн аав минь оргосон гээд эрүүний шөл уухаас сүрдээд мэдэгдэлгүйгээр цэвэрлээд явдаг байсан нь тэр юм билээ.
Ай даа, нандин дурсамж, насны хайр гэж энэ байх. Сургуулиа төгсөөд аав минь ээжийг минь эхнэрээ болгоод, Сүхбаатар аймгийн Онгон сумыг зорьж, тэндхийн отрядаас амьдралын гараагаа эхлэн тэтгэвэртээ гартлаа түмнийг хамгаалан төрд зүтгэсэн юм.
Аав минь хүнийг танихдаа гаргууд сайн, үргэлж бусдад хүндлэгдэж явсан “мундаг” нэгэн байсан. Аавын минь нэг цэрэг “Дэд хурандаа, ойрд ажил төрөл ч бүтдэггүй, танаас нэг шанаа авч хийморио сэргээдэг юм уу” гээд ирж байсан удаатай. Тийм л сайхан хийморьлог, цог золбоотой эр хүн байж, шанаа нь бусдад доромжлол бус урам зориг, шагнал болж явжээ, миний аав.
Ажил дээрээ бол айж эмээмээр сүртэй “том дарга” байсан аав минь гэртээ бол ээжийн минь сайн нөхөр, хүүхдүүдийнхээ халамжит аав байлаа. Залуудаа ах эгч нарыг минь хатуу гараар өсгөж, цэргүүд шигээ л “чангалан” хүмүүжүүлдэг байсан аав минь хэнз намайг төрөхөд ихэд зөөлөрсөн гэдэг юм. Ямар сайндаа л гаднаас орж ирээд гэр цэвэрлээгүй байвал ах, эгч нарыг номхон жагсааж байгаад л загнана. Тэгээд шүүгээн дээрх тоосыг хуруугаараа арчиж байгаад нүүрэнд нь түрхээд ингээд халтар явбал ямар байна, чи ингээд яваад үздээ гээд удаан гэгч нь зогсоодог байсныг санаж байна. Гэрт асуудал гарахад ах, эгч нар маань хэдийнээ номхон команд аваад зогсчихсон байдаг байж билээ.
Намайг төрсөний дараа зөөлөрсөн аав минь намайг том болсон хойно бүр л их хайлж, нэг л мэдэхнээ бидний хувцсыг оёчихсон сууж байдаг “тэтгэврийн өвөө” болсон байсан юм даа. Өглөө босоход сүүтэй цайтай, үдэш ирэхэд халуун хоолтой сууж байдаг сан. Аавын минь хийдэг цуйван хэчнээн амттай гээч. Ердөө мах, гурил л орсон давс ихтэй тэр цуйвангийн амтыг би өөр хаанаас ч амтлаагүй, амталдаггүй, амтлахгүй. Тэр бол зөвхөн миний аавын хийдэг цуйван байсан. Дахиад ганц идэх юмсан даа…
Олон аавын хүүг хүмүүжүүлж, өөрөө ч мөн тэндээсээ суралцан хүмүүжин үүрэгт ажилдаа үнэнчээр зүтгэж явсных нь шан буюу аав минь “Дэд хурандаа” цол хүртэл дэвшиж явсаар тэтгэвэртээ гарч байлаа. Цэргийн хүн эрт тэтгэвэртээ гардаг болохоор аав минь ч бас тэр үед ахмад гэж хэлэхээргүй л цэх сайхан нуруутай, сүр бараатай сайхан залуу хэвээр байж билээ.
Тийм ч болохоор залуугаасаа хөдөлгөөнтэй байж дадсан зуршлаараа зүгээр сууж чадалгүй ажил хийж, хэдэн жилийн дараа Онцгой байдлын ерөнхий газрын Онцгой байдлын авто баазад Тээврийн албаны даргаар ажиллах болж, цэнхэр дүрэмт хувцас өмссөн юм. Тэр үед аавыгаа эх орны жинхэнэ хүү, эрэлхэг цэрэг эр гэдгийг гүн ойлгож, Хилийн цэргээс авахуулаад Онцгой байдлын салбарт хүртэл ажиллаж байгаа мундаг ааваараа бахархах сэтгэл зүрхний минь гүнээс ундарсан даа. Гунигтай боловч хайрт аавын минь өмссөн сүүлийн дүрэмт хувцас тэр байлаа.
Бурхан сайн хүмүүсийг бүр илүү ядрахаас нь өмнө амраая гээд дууддаг юм болов уу, эсвэл сайн хүмүүсийн ачаар жаргаж яваа бусдыг нь өөрийн хүчээр амьдар гээд хатуужуулах гэж тэднийг эрт авдаг юм уу хайртай аав минь дэндүү эрт биднийгээ орхисон юм шиг санагддаг юм.
Аавынхаа бийд хорвоог эцэс хязгааргүй мэт бодож явсан охин нь
Ахиад ирэхгүйгээр явахад нь хагацал биднийг хязгаарлаж байдгийг ухаарлаа
Дахиад уулзахгүй гэдгээ мэдэхгүй муухай аашилж явснаа бодоод
Дараа нь хичнээн харамсаад даанч харж ч чадахгүй гэдгээ мэдлээ
Амьд ахуйд тань би танаараа бүхлээр нь гоёдог байсан
Аав минь энэ байна гээд бүгдэд онгирдог байсан
Одоо байхгүй ч хамаагүй ээ, би танаараа гоёсоор байна
Олонд хүндтэй хэвээр буй нэрээр тань хүртэл өөрийгөө чимсээр байна
Баяртай өдрүүддээ таныхаа орон зайг үгүйлж
Бэрхшээлтэй үедээ таныхаа түшгийг үгүйлж
Хүйтэн өвлөөр даарахдаа таныхаа нөмрийг үгүйлж
Хүний энэ хорвоод ерөөсөө л аав таныгаа би санаж байна…
Хайрт охин Б.Отгонтуяа
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин