Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Говьсүмбэр, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 32-37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус дулаан, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2.Гал түймэр:

 – Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Улаан мод” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 40 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/-т айлын хаваржааны хашаа 08.07-ны өдрийн 06:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг иргэн Н 08.08-ны өдрийн 13:55 цагт мэдээлсэн. Тус сумын харьяат малчин Н-ийн 15х15, 30х30 метрийн хэмжээтэй хаваржааны 2 хашаа бүрэн шатсан тухай мэдээллийг тухайн иргэн аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нарлаг багийн Залуучуудын 3 дугаар гудамжинд дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 08.08-ны өдрийн 09:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход иргэн Э-ын 11х11 метрийн хэмжээтэй “Жавхлан” хүнсний дэлгүүр шатаж байсныг 17 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, Алтай хотхоны 12 дугаар байр хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10:54 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход тус байрны 1 дүгээр орцны хогийн суваг шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, 64 дүгээр байр хог шатаж байна гэсэн дуудлагыг 14:06 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:12 цагт очиход хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Туулын 14 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 16:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход иргэн О-ийн 4х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, Үйлчилгээний хорооны 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.08-ны 16:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн А-ын 8 ханатай гэр шатаж байсныг 17 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Төөрсөн, сураггүй болсон: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав баг, “Их гүүрний лагер” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 3 км, сумын төвд/ Бага насны хүүхэд гэрийнхээ гаднаас 12:00 цагийн орчимд сураггүй болсон тухай дуудлагыг 08.08-ны өдрийн 12:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид очиж, Т /2 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 13:05 цагт гэрээс нь урд зүгт 1.2 км-т Буянт голын эрэг дээр явж байсныг олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн.

4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга – Хүчтэй салхи шуурга: Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн “Сүм хөх бүрд” амралтын газар /аймгийн төвөөс хойд зүгт 70 км, сумын төвөөс урд зүгт 35 км/-т 08.08-ны өдрийн 16:20 цагийн орчим 18-20 м/с хүчтэй салхилсны улмаас асар /майхан/ хийсч 1 давхар барилга дээр тохогдсон гэсэн дуудлагыг тухайн өдрийн 16:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 70 км зам туулан очиход тус амралтын газрын зоогийн газрын дээвэр дээр тогтсон байсан хүлээн авалтын зориулалттай 10х15 метрийн хэмжээтэй асрыг 01:00 цаг ажиллан барилга дээрээс буулгасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top