Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Батлан хамгаалах хамтын ажиллагааны хэлтэс, Иргэн цэргийн дэмжих нэгж, Энэтхэг номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2022” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг Баянхонгор аймагт ирэх есдүгээр сарын 05-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэ талаар ОБЕГ-ын ГУСГ-ын Сургалт сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнээс тодрууллаа.
– “Говийн чоно” олон улсын сургалт, дадлагын онцлогийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
– “Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагааг уламжлал болгон 10 дахь удаагаа зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
“Говийн чоно” сургалт дадлага, сургууль нь цар хүрээ, хөнөөл ихтэй гамшгийн үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учрах хор уршгийг арилгах, хохирол багатай даван туулах чиглэлээр олон улсын туршлага солилцох, аврагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, оролцогч улс орон бүрийн гамшгаас хамгаалах бүтэц тогтолцоог судлах, сайн туршлагаа хуваалцах зэрэг олон талын ач холбогдолтой цогцолбор үйл ажиллагаа байдаг.
Энэ жилийн хувьд “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ” сэдвээр зохион байгуулагдана.
–Баянхонгор аймгийг сонгосон шалтгаан нь юу вэ?
Өнөөдөр газар хөдлөлт, түүнийг дагасан эрсдэл, бэлэн байдлын асуудал хүн бүрийн анхаарах ёстой чухал сэдвийн нэг болоод байна. Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханы хүсэлтээр энэ удаагийн “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг Баянхонгор аймагт зохион байгуулахаар болсон.
Тус аймгийн хувьд уул уурхайг дагасан эрсдэл, шилжилт хөдөлгөөн, сөрөг үр дагавруудаас гадна газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог. Тиймээс газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг тооцох, урьдчилан сэргийлэх, төр, хувийн хэвшлийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөний уялдаа, холбоог боловсронгуй болгоход чиглэгдсэн энэхүү дадлага сургуулийг аймагтаа зохион байгуулах хүсэлтийг гаргасан аймгийн Засаг даргад дадлага сургуулийг зохион байгуулагч талууд талархан хүлээн авсан.
Тус аймагт зохион байгуулах “Говийн чоно-2022” гамшгийн хор уршгийг арилгах, олон улсын сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагааг газар хөдлөлтийн гамшгийн үед орон нутаг, Онцгой байдлын ерөнхий газар, Олон улсын цэрэг, хүмүүнлэгийн багийн харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах чиглэлээр зохион байгуулна.
–Зохион байгуулах сургалт, дадлага сургуулийн онцлогоос дурдвал?
– Газар хөдлөлтийн гамшгийн үед Баянхонгор аймгийн нийт иргэдийг аюулгүй байршилд нүүн шилжүүлэх, гамшигт нэрвэгдсэн (бэртэж гэмтсэн, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, хүүхэд) хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх “Хээрийн II шатны эмнэлэг” дэлгэх, нэрвэгдэгчийг агаараас (нисдэг тэрэг) авран туслах ажиллагааны дадлага сургуулийг хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Мөн энэ удаагийн олон улсын сургууль, туршлага солилцох үйл ажиллагааны үеэр “Соёлын өдөрлөг” зохион байгуулж бэсрэг наадам, монгол ахуй, таван хошуу мал, нүүдлийн соёлыг гадаад орны зочид төлөөлөгчдөд сурталчилан таниулах арга хэмжээ явуулахаар төлөвлөж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР