1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
Төлөв байдал: 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13, 14-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Тамир багийн “Тамир” хорооллын 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.09-ний өдрийн 17:17 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Б-ийн 8х11 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багийн “Бүгийн хэв” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км, сумын төвөөс баруун зүгт 24 км, Ө-50°14’24.0”, У-91°18’00.0”/-т 08.09-ний өдрийн 18:05 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс мөн өдрийн 18:13 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сагил сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Зурагтын-Ар хэсгийн 6 дугаар гудамжинд иргэн О 06.22-ны өдөр гэрээсээ явганаар гараад сурагггүй болсон, Дархан сумын 3 дугаар багийн нутагт байдаг хиймэл нууранд осолдсон байж болзошгүй нуурын уснаас эрэн хайхад тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 08.09-ний өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиж урт 200 м, өргөн 30 м-ийн хэмжээтэй хиймэл нууранд иргэн О /60 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 20:05 цаг хүртэл зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 08.10-ны өдрийн 09:30 цагт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлнэ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрнээс баруун зүгт 200 м “Туул” голоос цогцос гаргуулахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс 08.09-ний өдрийн 18:52 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км замыг замыг туулан очиход “Туул” голоос нэр, оршин суух хаяг тодорхойгүй 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР