Ч.Болортуяа
Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар бороо хур элбэгтэй, томоохон гол үертэй байгаа билээ. Улсын баяр наадмаас хойш уртасгасан цагаар Хэрлэн голд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын төлөөлөл болох ахлах ахлагч М.Гүррагчаатай ярилцлаа. Тэрбээр Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч-нохойн хөтлөгчөөр ажилладаг юм.
-Багаасаа л Онцгой байдлын албанд ажиллахыг мөрөөддөг байсан гэж дууллаа. Мөрөөдлөө биелүүлээд хэдэн жил болж байна вэ?
-Онцгой байдлын алба, цэрэг, хүчний байгууллагад ажиллахыг багаасаа мөрөөдсөн. Спортод сонирхолтой байсан минь ч нөлөөлсөн байх. 2012 онд Дорнод аймгийн Халхгол сумын хилийн цэргийн 0198 дугаар ангид алба хаасан юм. Цэргийн албанд татагдаж, олон эрчүүдтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж явахдаа аврагч болно гэж сэтгэл шулуудаж байлаа. Ингээд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 0166 дугаар ангид хоёр жил гэрээт цэргийн алба хаасны дараа Хэнтий аймгийнхаа Онцгой байдлын газарт аврагчаар ажиллах болсон. 2014 оны арванхоёрдугаар сарын 4-нөөс хойш буюу найм дахь жилдээ энэ албандаа ажиллаж байна. Гал түймэр, үер гээд гамшиг, ослын бүх л дуудлагад явдаг. Аврагч хүн аль ч цагт бэлэн байх үүрэгтэй. Ямар нэгэн гамшиг, ослоос хүмүүс зугтаж байхад, бид сөрж очдог. Тэргүүн эгнээнд ажиллах сайхан. Ялангуяа хүний амь аварсан мөчийг юутай ч зүйрлэшгүй. Бусдын талархсан сэтгэлийг сонсоод албаараа дахин дахин бахархдаг.
-Та Хэнтий аймгийн уугуул гэсэн байх аа?
-Тийм ээ. Би 1992 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумд төрсөн. Эцэг, эхээс тавуулаа. Айлын дунд хүү.
-Танай салбар ангийнхан голын эрэг дагуу усны эргүүлд ажиллаж байна. Хэрлэн голын усны түвшин ямар байна вэ?
-Хэрлэн гол үерлэсэн байна. Аялж, амарч яваа хүмүүс Хэрлэн голын эрэг орчимд саатаж, усанд орох нь элбэг. Үертэй байгааг нь мэдэхгүй цүнхээл рүү орж, живэх тохиолдол гардаг. Ус балгасан хүн манарч, живж эхэлдэг. Тиймээс бид голын эрэг дагуу амарч буй хүмүүст байнга санамж, анхааруулга хүргэж байгаа. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид бүх суманд сэрэмжлүүлэг, санамж хүргэж байна. Үүний үр дүнд усанд осолдох тохиолдол цөөрсөн. Өдөрт 200-300 хүнд анхааруулга, санамж хүргэж, гарын авлага тараан, гарын үсэг зуруулж байна даа.
-Эрэн хайх, аврах салбар өөрийн гэсэн онцлогтой. Түүн дотроо та нохойтой хамт үүрэг гүйцэтгэдэг гэдгээрээ онцлог. Аврагч-нохойн хөтлөгчийн гол үүрэг юу вэ?
-Манай Эрэн хайх, аврах салбар нийт 21 алба хаагчтай. Би салбартаа аврагч-нохойн хөтлөгчөөр ажилладаг. 2018 онд Эрэлч нохойн албаны сургалтад хамрагдсан юм. Тэр цагаас хойш байнга нохойтойгоо хамт үүрэг гүйцэтгэж байна. Нохойны үнэрлэх чадвар хүнийхээс арав дахин илүү. Нурангид дарагдсан, шуурганд төөрсөн зэргээр ямар нэгэн гамшиг, ослын үед сураггүй болсон хүнийг богино хугацаанд хугацаанд үнэрээр нь олж, эрэн хайх ажиллагаанд тусалдаг. Мөн усанд осолдсон иргэнийг эрэн хайхдаа тухайн хүний эд зүйлийг нохойдоо үнэртүүлдэг. Ингэснээр эрэлч нохой эрэг дагуу үнэрлэж явсаар, олсон тохиолдолд хуцаж надад дохио өгдөг.
-Нохойг нь хэн гэдэг вэ. Аль үүлдрийнх вэ?
-Чарли гэдэг. Лабрадор ретривер үүлдрийнх. Одоо таван настай.
-Гадаад оронд гэмт хэрэг илрүүлэх, эрэн хайх, аврах ажиллагаанд нохой түлхүү ашигладаг шүү дээ. Та өөрөө нохойгоо сургаж, бэлдсэн үү?
-2018 онд анх Улаанбаатарт 10 аймгаас нэг нэг алба хаагчийг нохой сургагчаар бэлдсэн юм. Тэнд анх нохойтойгоо танилцаж, өөрөө сургаж авсан. Одоо манай гэр бүлийн гишүүнээс өөрцгүй болсон доо.
-Чарлигийн тусламжтайгаар хүний амь аварсан тохиолдол олон байдаг уу?
-Чарли маань усанд хүн гараа савчих төдийд л надад дохио өгдөг. Хүнийг хазаж болохгүй гэж сургасан учраас эрэг дагуу гүйж, хуцаж дохио өгнө. Нохойгоо сайн мэддэг учраас ямар дохио өгч байгааг нь андахгүй. Хамгийн сүүлд гэхэд бид нэг хүүгийн амь аварсан. Энэ сарын 1-нд усны эргүүлээр томилогдон ажиллаж байлаа. Гол их үертэй байсан. Усанд олон хүүхэд тоглож байв. Хүүхдүүд олноороо нэг дор тоглож байгаа тохиолдолд эцэг, эхийн хараа хяналт сулардаг. Эцэг, эхчүүдэд нь “Хүүхдүүддээ хараа хяналт сайн тавиарай” гэж хэлчихээд Хэрлэн голын эрэг дагуу явж байтал нэг хүүхдийн толгой шоволзоод эхэлсэн. Гүйгээд очтол ус балгачихсан, живж байлаа. Нэг алба хаагчийн хамт голд үсэрч ороод, хоёр талаас нь сугадаад гаргаад ирлээ. Тэр даруй хиймэл амьсгал хийж, амийг нь аварсан. 12 настай хүү байсан юм. Хүүхдийг уснаас гаргаж ирсний дараа л эцэг, эх нь анзаарч “Юу болов” гэсээр гүйж ирсэн.
-Та Онцгой байдлын албанд ажиллах хугацаандаа хэчнээн хүний амь аварч, хэр хэмжээний эд хөрөнгийг авран хамгаалснаа тооцож байв уу?
-Нарийн тоо хэлж мэдэхгүй юм. Энэ жил усны ослоос гэхэд л таван хүний амь аварсан. Манай салбарынхан энэ жил усны ослоос ес, зам, тээврийнхээс нэг хүний амь аварсан. Би анх ажлын гараагаа гал сөнөөгчөөр эхэлсэн юм. Тухайн үед монгол гэрт гал гарсан дуудлагын дагуу ажиллаж, бага насны хоёр хүүхдийн амь аварсан минь санаанд тодхон байна.
-Эцэг, эхэд нь сануулж хэлээд байхад л бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисноос усанд эндэх тохиолдол гарсаар байгаа. Ялангуяа хийлдэг гудас, завь зэргийг болгоомжтой хэрэглэх нь зүйтэй болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Саяхан Баян-Овоо сумын Гүрэмийн нуурт дөрөв, таван настай хоёр охин хийлдэг гудастай явж байгаад нэг нь эндсэн. Гудас нь хөлбөрсний улмаас нэг нь амиа алдсан. Нөгөө нь гудаснаасаа зуурч, амь гарсан байна. Тэр дуудлагын дагуу манайхаас нэг бүлгийн дарга, хоёр аврагч ажилласан юм. Хүүхдийн тэнцвэр бага зэрэг алдагдахад л гудас хөлбөрөх аюултай. Тиймээс хийлдэг гудас мэтийн чанар муутай зүйл хэрэглэхгүй байхыг сануулъя. Таны нэг хормын хайхрамжгүй байдлыг аюул отож буйг бүү мартаарай. Явуулын хүмүүс ихэвчлэн Хэрлэн голын гүүрнээс буугаад түр амрахдаа усанд их ордог. Өвдгөөр татсан ус байна, гайгүй гэж бодоод хоёр, гурав алхахад л гүнзгий болчихдог юм. Өөрсдөө орж, усны гүнийг шалгаагүй хэрнээ хүүхдүүдээ оруулчихдаг. Заримдаа бид сэтгэлзүйч шиг ажиллах шаардлага гарна шүү дээ. Гэхдээ бид сэтгэл хөдлөлөө ил гаргаж болохгүй. Сүүлд гэхэд бидний аварсан 12 настай хүүгийн эцэг, эх нь хүүхдээ загнаж, зэмлэх гээд байсан. Ийм үед хүүхдийг загнаж болохгүй, загнавал улам хямардаг. Эвээр хэлж, ойлгуулах нь зөв юм. Хүний амь авраад, “Баярлалаа” гэх үг сонсоод, ажлаа дуусгаад гэр лүгээ харих хамгийн сайхан. Эсрэгээрээ хүний амь эрсэдсэн, аварч чадаагүй алдсан тохиолдол үнэхээр хэцүү. Ялангуяа бага насны хүүхэд бол өр өвтгөм.
-Аврах ажиллагаанаас усны осол нь хүнд гэж сонссон. Улирал, цаг хугацаа хамаарахгүйгээр усанд шумбаж, сураггүй болсон хүнийг хайна гэдэг мэдээж амаргүй биз..?
-Урсгал ус болохоор живсэн хүн хаана байгаа нь мэдэгдэхгүй. Хэрлэн гол булингар ихтэй учраас өвдөгнөөс доош юу ч харагддаггүй. Тиймээс тухайн хүн хаана байж болохыг тооцож шумдаг. Ийм тохиолдолд нохой минь л тусалдаг юм. Аймгийн хэмжээнд усанд осолдсон хүнийг олоогүй тохиолдол цөөн. Эрэн хайх, аврах салбарынхан ганц усны осол гэхгүйгээр ой, хээрийн түймэр, зуд, үер, зам, тээврийн гээд бүх төрлийн дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэдэг. Тэгж байж л аврагч гэж нэрлэгдэх болов уу.
-Энэ бүхэнд бэлэн байхын тулд бэлтгэлээ хэрхэн базаадаг вэ?
-Дасгал сургуулилалтаа байнга хийж байж л хэцүү бэрхийг даван гарна. Усанд ороод 100 метр замыг сэлж туулж чадахгүй бол биеэ хөгжүүлэхээс өөр яах билээ. Бид цагийн хуваарийн дагуу өндрөөс буух, нохойтойгоо бэлтгэл хийх, нуранги болон химийн хорт бодистой ажиллах зэргээр өдөр бүр бэлтгэл сургуулилалт хийдэг. Өдөр бүр гүйж, дасгал хийдэг.
-Эрэн хайх, аврах салбарынхан бусад суманд ажиллах тохиолдол олон уу?
-Баян-Адрага, Жаргалтхаан сумд Эрэн хайх, аврах салбар бий. Гамшиг, ослын үед цаг алдахгүйн тулд хамгийн ойр байгаа аврах ангийнхан эхлээд очно. Хүн хүч хүрэлцэхгүй, томоохон хэмжээний гамшиг, ослын үед манай салбараас хүч нэмж ажилладаг.
-Ажлаасаа шантрах үе гарч байв уу. Эрсдэлтэй нүүр тулахад ямар мэдрэмж төрдөг вэ. Айж, түгших, сандрах нь элбэг үү?
-Багаасаа хүсэж мөрөөдсөн ажлаа хийж байгаа учраас шантарч, эргэж буцсан үе байхгүй. Сэтгэл зүйгээ сайн бэлддэг. Тухайлбал, ямар дуудлагад очиж байгаагаас хамаарч сэтгэл зүйгээ бэлдэнэ. Хүн амь эрсэдсэн бол нөхцөл байдал ямар байх нь ойлгомжтой учраас балмагдаж, сандрахгүйгээр үүргээ гүйцэтгэдэг. Ой, хээрийн түймэр унтраахаар явахад ч тэр, хэчнээн хэмжээний газар шатсан бол, хурдхан унтраах сан гэж л боддог. Түүнээс биш ганц хоночихоод буцна гэж бодохгүй шүү дээ. Баян-Адрага сумд гарсан түймрийг унтраахаар 28 хоног ажиллаж байлаа.
-Орон нутагт ажиллахын давуу талыг та хэрхэн тодорхойлох вэ?
-Би эхнэр, хоёр хүүгийн хамт амьдардаг. Эхнэрийг минь А.Акжархан гэдэг. Том хүү зургаан настай, бага нь нэг ой хүрч байгаа. Төрж, өссөн нутагтаа ажиллаж, амьдрах сайхан. Улаанбаатар хотыг бодвол орон нутагт ослын дуудлага арай цөөн байдаг болов уу. Гэхдээ манай салбарынхан бүх л дуудлагад явдаг учраас ачаалал ихтэй. Бүгд л 24 цагийн турш бэлэн байдалд ажилладаг. Ахуйн түймэр гарлаа гэхэд аврагчид гал сөнөөгчийнхөө хамт явна. Гал сөнөөгчид гал унтраах явцад хүний амь аврах, аюул эрсдэлээс хамгаалах ажлыг гүйцэтгэдэг. Ямар нэгэн байдлаар мэргэжлийн алдаа гаргахгүйг хичээнэ. Хэрэв өөрөөс шалтгаалах алдаа гаргавал харамсалтай.
-Онцгой байдлын албанд орсон залуус шантрах, ажлаасаа гарах нь олширчээ. Дөнгөж ажил, амьдралын гараагаа эхэлж байгаа залууст хандаж юу гэж хэлэх вэ?
-Хүн өөрөө чин сэтгэлээсээ хүсэж байвал ямар ч ажлыг хийж чадна. Залуус түймэр унтраахаар очоод, ганц, хоёр хонохоороо чадахгүй юм байна гээд шантраад эхэлдэг. “Би чадна. Онцгой байдлын алба хэмээх нэр төрийг өндөрт өргөж явна” гэж өөрийгөө зоригжуулах хэрэгтэй. Завьт эргүүлээр ажиллаж байхад хүүхэд, залуус ихэд сонирхож, “Танай албанд яаж орох вэ” гэж асуудаг. Гэтэл ажлын талбарт гарахаараа шантарч, эргэж буцах нь бий. Ажилдаа мэргэшихээр хэцүү санагддаггүй юм билээ. Ар гэрийнхэн ч сайн ойлгодог. Анх намайг Онцгой байдлын албанд ажиллахад эхнэр минь “Ямар хэцүү юм бэ” гэдэг байсан. Харин одоо бол “Хэр удах юм шиг байна” гэж л асуудаг болсон. Нэг гэр бүл шиг дотно хамт олондоо танай сониноор дамжуулан баярлаж явдгаа илэрхийлье.
Эх сурвалж: Өнөөдөр сонин