ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн “Онцгой байдал-Гамшгаас хамгаалах алба” хөтөлбөрийн сонсогч М.Түвдэннэмэх БНСУ-ын Чангшин их сургуульд суралцахаар тус улсыг зорьлоо. Түүний сэтгэгдлийг хүргэж байна.
“Би 2021 онд Онцгой байдлын сургуулийн “Онцгой байдал-Гамшгаас хамгаалах алба” хөтөлбөрт элсэн орсон. Нэгдүгээр курстээ оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан БНСУ-ыг зорьж байгаадаа маш их баяртай байна. Өнөөдөр давхар мөрөөдөл минь биелсэн баярт өдөр тохиож байна. Би наймдугаар ангидаа Онцгой байдлын албаны аврагч болохоор сэтгэл шулуудсан.
Онцгой байдлын албанд ажиллана гэдэг маш их бахархал, нэр төрийн хэрэг юм. Бусдын амь насыг аврахын тулд өөрийнхийгөө дэнчин тавьж, гал, усан дундуур туучдаг учраас маш гайхалтай, бахархалтай, баатарлаг алба.
Би багаасаа л БНСУ-д суралцахыг мөрөөддөг байсан. Өчигдөрхөн алс холын мөрөөдөл төдий байсан зүйл өнөөдөр биеллээ олж, нислэгийн цагаа хүлээгээд зогсож байгаа минь зүүд юм шиг санагдаж байна.
Чангшин их сургуульд “Галын аюулгүй байдлын инженер” мэргэжлээр суралцана. Орчин цагт галын шаталтын хэлбэрүүд эрс өөр болчихсон. Тэдгээрийг унтраах өндөр хөгжилтэй орны орчин үеийн аргад суралцана. Галын аюулгүй байдлыг хангах гадны туршлагаас сайтар суралцах зорилготой.
Түүнчлэн өөр улсын хэл, соёлд суралцана. Залуустаа хандаж хэлэхэд, мэдээлэлтэй аль болох ойр байж, өөрийгөө тултал дайчлан хичээвэл болохгүй, чадахгүй зүйл байдаггүй юм байна шүү. Хүссэн орондоо сурч боловсорно гэдэг холын мөрөөдөл байхаа больсон байна. Зөв газраа сонгоод, сэтгэлээсээ хүсээд шаргуу зүтгэвэл боломж их байна”. гэлээ.
Эх сурвалж: Дотоод хэргийн их сургууль