Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Халх голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 34-39 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-ны өдөр баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13, 14-ний өдөр нутгийн зарим газраар, 15-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 13, 14-ний өдөр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд баг дахь шинээр баригдаж байгаа хотхон чингэлэгт гал гарч байна гэсэн дуудлагыг 08.10-ны өдрийн 21:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход 40 тонны чингэлэг дотор цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 1 минут ажиллаж унтраасан.    

– Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.10-ны өдрийн 19:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиход иргэн Г-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын Хархираа багийн Далангийн хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.11-ний 01:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Б-ын 6 ханатай гэр шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн “Нарлаг” хорооллын 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.10-ны өдрийн 03:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход иргэн Х-ын 4 ханатай гэр шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

– Автозамын тээврийн осол: Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн “Өндөр тэвх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 115 км-т, сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ “Портер” загварын ачааны автомашин автозамын зорчих хэсэгт онхолдож, автомашины бүхээгт зорчигч нь хавчуулагдсан тухай дуудлагыг 08.10-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 35 км замыг туулан очиход “Өндөр тэвх” гэдэг газарт уулнаас гол руугаа нүүдэллэж байсан Зэрэг сумын харьяат малчин Б согтуугаар “Портер” загварын ачааны автомашин жолоодож яваад автозамын зорчих хэсэгт онхолдож, автомашины бүхээгт түүний хүү М /10 настай, эрэгтэй/ хавчуулагдаж нас барсан байсныг 20 минут ажиллаж гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн  мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top