Энэ оны долоодугаар сар дэлхийн түүхэн дэх хамгийн халуун саруудын нэг болсон талаар Дэлхийн цаг уурын байгууллага /ДЦУБ/ мэдээллээ.
Цаг уурчид өнгөрсөн сард Европын ихэнх хэсэгт тохиосон хэт халах үзэгдэл наймдугаар сард ч мөн үргэлжлэх төлөвтэй байгааг сэрэмжлүүлжээ. Мөн Европт долоодугаар сард дунджаас илүү хуурайшилттай байсан нь эдийн засаг, хөдөө аж ахуйд сөргөөр нөлөөлөхийн сацуу ойн түймэр дэгдэх эрсдэлийг нэмэгдүүлснийг онцолсон байна.
ДЦУБ-ын хэвлэлийн төлөөлөгч Клэйр Нуллис Их Британийн Цаг уурын хүрээлэн энэ долоо хоногт мөн хэт халах тухай сэрэмжлүүлэг гаргасныг уламжилжээ. Гэсэн хэдий ч агаарын температур долоодугаар сарынхтай адил цельсийн 40 хэмээс давах төлөв ажиглагдахгүй байгааг мэдээлсэн байна.
“Гэхдээ олон жилийн дундажтай харьцуулахад халуун байх төлөвтэй байна. Тухайлбал, Францад энэ долоо хоногт температур дунджаас дээгүүр байна, мөн Швейцарын олон хэсэгт адил байна. Долоодугаар сарын хэт халалт үргэлжилсээр байна. Испанийн түүхэн дэх хамгийн халуун сар нь өнгөрсөн долоодугаар сар болсон” гэж тэрбээр ярьжээ.
Мөн Европт төдийгүй дэлхийн бусад хэсгүүд ч мөн хэт халах үзэгдэлд дасан зохицохоос аргагүйд хүрч байгааг К.Нуллис нэмж хэлсэн байна. ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Тааласын хувьд үүнийг “шинэ эгэл” гэж тодорхойлж байгаа юм.
Европт долоодугаар сард хэт халсантай зэрэгцэн Антарктидын далайн мөс тухайн сард урьд хожид үзэгдээгүй бага түвшинд хүрсэн талаар ДЦУБ мэдээлж байна. Энэхүү үзүүлэлт нь энэ оны зургаадугаар сард түүхэн доод үзүүлэлтэд хүрээд байжээ. Энэ нь Европоос гадна Антарктид ч мөн халуун байсныг илтгэн харуулж байна.
ДЦУБ-ын мэдээлснээр, Европын зарим нутагт ган гачгийн аюул үргэлжлэн нүүрлэх төлөвтэй байна. Тодруулбал, Европын олон хэсэгт ердийн үеийнхээс бага хур тунадас орох төлөвтэй байгаа нь ган гачгийн нөхцөлийг улам дордуулж, ой хээрийн түймрийг улам ихээр өдөөж болзошгүйг анхааруулжээ.