Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорнод, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Хөвсгөл, аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хийд” хорооллын 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.12-ны өдрийн 16:34 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход иргэн Г-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн “Төмөртэй” хорооллын 5 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.12-ны өдрийн 17:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Я-ийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар, Э-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 2-48 дугаар байр айлын тагт шатаж байна гэсэн дуудлагыг 08.12-ны өдрийн 20:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Э-ийн тагтан дээр эд зүйлс, А-ын тагт тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Оцгор-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км, сумын төвөөс зүүн урд зүгт 110 км, түймрийн солбицол: Ө-46°25’16.0”, У-116°38’57.0”/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.12-ны өдрийн 19:34 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид гал түймрийг унтраахаар ажиллаж 08.13-ны өдрийн 03:56 цагт цурманд оруулж мөн өдрийн 06:30 цагт бүрэн унтраасан. Түймэрт өртөж шатсан талбайн хэмжээ урьдчилсан байдлаар урт 3 км, өргөн 2 км.

4.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн “Хөгийн голын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 251 км, сумын төвөөс баруун хойд зүгт 61 км, Ө-50°58’12.0”, У-98°29’24.0”/-т 08.12-ны өдрийн 15:50 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс мөн өдрийн 15:58 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга, багийн Засаг дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй, тус газар нь хүн амьдардаггүй уулархаг, тайга газар гэсэн мэдээллийг өгсөн.

5.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

  Усны осол: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “ДЦС-3” ТӨХК-ийн зүүн урд хиймэл цөөрмийн уснаас цогцос гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 08.12-ны өдрийн 10:09 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж хиймэл цөөрмийн уснаас иргэн Т/13 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Дорнод аймгийн Хэрлэн сумын (Сүмбэр)7 дугаар багийн “Бүсийн оношилгоо эмчилгээний төв”-ийн урд “Хэрлэн” голын усанд 1 хүүхэд сэлж байгаад осолдсон тухай дуудлагыг 08.12-ны өдрийн 13:29 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиж Хэрлэн сумын харьяат Ч /16 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 13:50 цагт анх осолдсон газраас зүүн зүгт 600 м-т “Хэрлэн” голын усны мандал дээрээс цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баян багийн “Булган” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км, сумын төвөөс урд зүгт 23 км/-т Тус аймгийн харьяат 2 иргэн мотоциклтой явж байгаад онхолдож нэг хүн нас барсан, 1 хүн сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 08.12-ны өдрийн 23:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид 26 км замыг туулан очиж иргэн С /39 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 01:48 цагт тус багийн “Гашуун” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 206 км, сумын төвөөс урд зүгт 26 км/-т М-д эсэн мэнд очсон гэсэн мэдээллийг авсанаар эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Бусад төрлийн осол /аюул/: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргалмандах багийн “Баруун тарвагатай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км, сумын төвөөс зүүн зүгт 60 км/-тМалчин Б-ын бага насны 2 хүүхэд халуурч, Зэлтэрийн голын усанд боогдож, эмнэлгийн тусламж авч чадахгүй байна гэсэн дуудлагыг 08.11-ний өдрийн 13:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 180 км замыг туулан мөн өдрийн 21:00 цагт очиход үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул, тусламж үзүүлэх ажиллагааг 08.12-ны өдрийн 07:00 цагаас эхлүүлж Зэлтэрийн голын усанд 10 км завиар урсаж 3 том хүн, 2 хүүхдийг 14:30 цагт аюулгүй газарт зөөвөрлөн гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top