Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-ны өдөр баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 18-ны өдөр төв болон зүүн нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 17, 18-ны өдөр нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 5/Б хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.13-ны өдрийн 17:58 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан очиход иргэн Б-ийн 12х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г хэсэгт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 01:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход тус тоотод эзэн нь тодорхойгүй 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Усны осол: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаантүнгэ багийн “Хар-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 98 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ “Цагаан” голын усанд 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 08.13-ны өдрийн 17:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 25 км замыг туулан очиж, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат иргэн Е /33 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 20 минут ажиллан гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Голын ус, шаварт суусан: Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн “Хархираа, Түргэний бэлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 48 км-т/ Улаангом сумаас “Мөстийн-Оргил” гэдэг газрын чиглэд зорчиж явсан 8 зорчигч /зорчигчид нь эсэн мэнд аюулгүй газарт гарсан/-той суудлын автомашин “Хархираа” голын усанд суусан тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 48 км замыг туулан очиход иргэн Б-ын 2 “Рейнжер” загварын суудлын автомашин “Хархираа гол”-ын усанд суусан байсныг 1 цаг 30 минут ажиллаж татан гаргасан.    

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top