Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Говьсүмбэр, Дорнод, Завхан, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон зүүн нутгийн зарим газраар, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 17-ноос нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багийн “Мухар булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 175 км, сумын төвөөс баруун урд зүгт 35 км/-тМалын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 13:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 35 км замыг туулан очиход иргэн Я-ийн 12×20 метрийн хэмжээтэй малын хашаа шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн “Харуулын-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 120 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км/-т “Фургон” автомашин 16:00 цагийн орчимд бүрэн шатсан тухай мэдээллийг иргэн С 08.14-ний өдрийн 18:40 цагт мэдэгдсэн. Тус сумын малчин С-ын “УАЗ Фургон” загварын автомашин бүрэн шатсан тухай мэдээллийг тухайн иргэн аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухарын задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 19:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход иргэн З-ийн 8х7 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байсныг 02:00 цаг ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 14 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05:11 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 05:15 цагт очиход иргэн О-ийн 6 ханатай гэр, 6х5 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар, иргэн А-ийн 9х6 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр тус тус шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан. 

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн “Хуурай зураа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км, сумын төвөөс хойд зүгт 120 км/-т Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 08.14-ний өдрийн 16:04 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд ажиллан бүрэн унтраасан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын Нүхтийн-Ам гэдэг газар Иргэн С /сэтгэцийн өөрчлөлттэй/ 08.14-ний өдрийн 23:00 цагийн үед гэр бүлийн хамт салхилж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 05:18 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Баянгол дүүргийн харьяат сэтгэцийн өөрчлөлттэй иргэн С /21 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 05:47 цагт эхлүүлсэн.

Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Самбуугийн гудамжны 48 дугаар байр тагт дээрээс 1 хүн бууж чадахгүй байна гэсэн дуудлагыг 15:17 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан очиход Баянзүрх дүүргийн харьяат иргэн О /36 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тагт руу буусан байсныг аврах олс ашиглан буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top