Германд удаан хугацаанд үргэлжилсэн ган гачгаас болж Райн мөрний усны түвшин хамгийн доод цэгтээ хүрчээ. Улмаар Европын тээврийн замын нэг болох усан замын тээвэрт хүндрэл учраад байгаа юм.
Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь Германы ДНБ-ийг 0.5 хувиар бууруулах төлөвтэй байна.
Усны түвшин нь 40 см болтлоо буурсан Кауб, Дуйсбургийн бүсэд 3000 тонн хүртэлх даацтай том хөлөг онгоцууд явах боломжгүй болсон байна. Тиймээс үйлчлүүлэгчид бага оврын хөлөг онгоц түрээслэхээс өөр аргагүй болсон бөгөөд энэ нь маш өндөр зардалтай болж байгаа аж.
Ойрын хугацаанд бороо орох төлөвгүй байгаа бөгөөд Германы Холбооны Усан замын газрын урьдчилсан мэдээгээр голын усны түвшин даваа гараг /өнөөдөр/ гэхэд улам буурч, хөлөг онгоцууд зорчих боломжгүй болно гэж үзэж байна.
Өнгөрөгч баасан гарагт хамгийн том ачаа тээвэрлэгчдийн нэг Контарго тээврийн компанийн удирдлага голын дунд болон эхэн хэсэгт ихэнх тээвэрлэлтээ зогсоож, үлдсэн ачааг газраар хүргэхээр эрмэлзэж байна гэж мэдэгдэв.
ХБНГУ-д нийт ачааны 4 орчим хувийг усан замаар (далайн болон Райн мөрөн) тээвэрлэдэг байна. Оросын байгалийн хийн нийлүүлэлт тасалдсаны улмаас дахин ашиглалтад орж эхэлсэн цахилгаан станцуудын нүүрсийг усан замаар тээвэрлэдэг ажээ.
Эх сурвалж: ВВС