Вагнер Группийн удирдлагын төвийг устгаснаа Украины тал мэдээлэв

0wf866_popasna_wagner_hq_x974.jpg

Оросын хувийн зэвсэгт хүчний компани Вагнер Группийн зүүн Украин дахь удирдлагын төвийг их бууны цохилтоор устгаснаа Киевийн эрх баригчид өчигдөр мэдээлжээ.

Луганск мужийн захирагч Сергей Гайдайн мэдээлснээр Попасна хот дахь Вагнерын төвийн байрлалыг Оросын сэтгүүлчийн тараасан гэрэл зургаар тодорхойлж, өндөр нарийвчлалтай цохилт өгсөн гэнэ.

“Попасна дахь Вагнер Группийн төвийг өчигдөр амжилттай устгалаа. Төвийн байрлалыг Оросын сэтгүүлчийн тусламжтай олж тогтоосон юм” гэж тэр Телеграм хуудсандаа бичжээ.

Наймдугаар сарын 8-ны өдөр Оросын сэтгүүлч Сергей Среда сошиал хуудсандаа Попасна дахь Вагнерын удирдлагын төвд зочилсон тухай мэдээлж, тэнд авхуулсан гэрэл зургаа нийтэлж байв.

Уг зургийн нэг хэсэгт Попаснагийн Мироновскаягийн 12 дугаар гудамжны хаяг тодорхой гарсан байжээ.

Цохилт өгсний дараа Среда уг нийтлэлээ устгасан ч хуулбар нь сошиал ертөнцөд өргөн тархсан байна.

Вагнер Группийг Путиний ойрын хүрээллийн олигархи Евгений Пригожин эзэмшдэг. Катерингийн (явуулын ресторан) бизнес эрхэлдэг түүнийг “Путиний тогооч” гэж хочлох нь ч бий.

Цохилт болохоос хэдхэн өдрийн өмнө Пригожин Попаснад байсан гэх мэдээлэл зарим эх сурвалжуудаас ирж байна.

Вагнер Групп нь хөлсний цэргүүдийг Кремлийн захиалгаар хилийн чанад дахь ажиллагаануудад илгээдэг. Тус компанийн хөлсний цэргүүд 2014 онд Крымийн хойг болон Донбасс дахь ажиллагаануудад оролцож байсан.

Мөн Сири, Ливи, Мали, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад тусгай ажиллагаа явуулж байжээ.

Попасна дахь Вагнерын удирдлагын төв пуужингийн цохилтод өртсөнийг Оросын эх сурвалжууд ч баталж байна.

Тухайлбал Кремлийн суртал нэвтрүүлэгч, сэтгүүлч Юрий Котенок “Попасна дахь Вагнер Группийн нэг салбар цохилтод өртжээ. Донбасс дахь эх сурвалжууд үүнийг баталж байна. Himars байх магадлалтай. Украины эх сурвалжууд Пригожинийг үхсэн тухай мэдээлж байна. Гэхдээ бидэнд ийм мэдээлэл алга” гэж Телеграм хуудсандаа бичжээ.

Попаснад цохилт өгөхдөө АНУ-аас илгээсэн HIMARS пуужингийн системийг ашигласнаа Украины тал баталж байна.

Тухайлбал Украины парламентын гишүүн Олексий Гончаренко “Попаснад Вагнерын удирдлагын төв байхгүй болсон. Himars болон Украины зэвсэгт хүчинд баярлалаа!” гэж фэйсбүүк хуудсандаа бичжээ.

Эх сурвалж: BBC

scroll to top