Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Дундговь аймгийн нутгаар бороо орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 18-23 градус, говийн бүс нутгаар 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 17, 18-нд Алтайн уулархаг нутгаар, 19-нд нутгийн зарим газраар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 19, 20-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

 ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.15-ны өдрийн 13:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр бүрэн, 10×7 метрийн хэмжээтэй байшингийн гадна тал шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан багийн “Баруунсайхан”-ы 7 дугаар гудамжинд автобус шатаж байна гэсэн дуудлагыг 08.15-ны өдрийн 14:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход “Экобус J800EV-3” загварын бага оврын автобус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг Улаанбаатар-Хэнтий чиглэлийн авто замд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.15-ны өдрийн 15:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан очиход иргэн Д-ийн “Волво” загварын ачааны автомашины хөдөлгүүр шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.15-ны өдрийн 23:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан очиход иргэн Х-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын Нүхтийн-Ам гэдэг газар Иргэн С /сэтгэцийн өөрчлөлттэй/ 08.14-ний өдрийн 23:00 цагийн үед гэр бүлийн хамт “Богдхан” ууланд зугаалж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 05:18 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги, дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн С /21 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг 08.15-ны өдрийн 05:47 цагаас 20:02 цаг хүртэл анх алга болсон газраас зүүн тийш “Баруун ширээт”, “Арцатын-Ам” гэдэг газар хүртэл 30 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 08.16-ны өдрийн 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top