А.Алтансүх: Хүүхдийн амь насанд аюул учруулахуйц эрсдэлт хүчин зүйлүүдийг илрүүлж, ээлтэй орчныг бүрдүүлнэ

olloo_mn_1660619949_altansuh.jpg

НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа А.Алтансүхтэй цөөн хором ярилцлаа.

-Он гарсаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд тохиолдсон гал түймэр болон гамшиг ослын дуудлага мэдээллээс танилцуулвал?

– Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт наймдугаар сарын байдлаар объектын гал түймэр нийт 303  удаа гарч, 2076 хүн осол гэмтэлд өртөж, 23 хүн нас барж, 6 хүн түлэгдэж гэмтсэн харамсалтай тоо баримт байна.

Тохиолдсон аюулт үзэгдэл ослын улмаас иргэн, ААНБ-д 8,9 тэрбум төгрөгийн хохирол учирч, аврагч-гал сөнөөгчид 167 хүний амь нас, 9,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан.

-Ямар шалтгааны улмаас дээрх аюулт үзэгдлүүд гарч байна вэ?
 
– Объектийн гал түймэр гарсан шалтгааны 74 гаруй хувийг иргэдийн цахилгаан ашиглалтын буруу, ил задгай асгасан үнс нурам, пийшин зуух яндангийн цонолтоос болж байна. Харин иргэдийн осолд өртсөн шалтгааны 90 гаруй хувийг  түлэгдсэн, унаж бэртсэн, амьгүй болон амьтай механик хүчинд өртсөн зэрэг шалтгаанууд дийлэнх нь байна.
 
-Гамшиг, аюулт үзэгдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын байгууллага болон дүүргийн зүгээс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа вэ?
 
– Онцгой байдлын байгууллага өөрийн чиг үүргийн хүрээнд улирал бүрийн онцлогт тохируулан урьдчилан сэргийлэх арга хэмжээг дүүргийн Онцгой комисс, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлтэй хамтран тогтмол зохион байгуулдаг. Жишээ нь өвлийн улиралд объектын гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, хавар намрын улиралд ой, хээрийн түймэр, хүн, малын гоц халдварт өвчин, зуны улиралд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх аян, арга хэмжээг гэх мэт. Өнөөдрийн байдлаар бол Монгол улсын Шадар сайдын баталсан “Үрсээ хамгаалъя” аяны удирдамжийн хүрээнд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Анхаарахад л болно” аяныг зохион байгуулан ажиллаж байна.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдйн Хурлын дэргэдэх Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь хурлын даргаар ахлуулан байгуулагдсан. Зөвлөлөөс орчны аюултай хүчин зүйлийн нөлөөгөөр бага насны хүүхэд  осолд өртөж гэмтэж бэртэх, амь насаа алдах эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан  хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг хангуулах, тэдний гэрэлт ирээдүйн төлөө хүүхдийг хамгаалах, тэдний дуу хоолойг сонсох, амьдрах аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор  “Ээлтэй -Ирээдүй” нөлөөллийн аяныг энэ сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.
 
-Тус нөлөөллийн аяны хүрээнд ямар ямар ажил хийгдэх вэ?

– Аяны хүрээнд дүүргийн нутгийн захиргааны 8 байгууллага хамтран дүүргийн 43 хорооны бүх нутаг дэвсгэр, нийтийн гудамж зам талбай болон сургууль цэцэрлэгийн орчинд иргэдийн амь нас ялангуяа хүүхдийн амь насанд аюул учруулахуйц эрсдэлт хүчин зүйлүүдийг илрүүлж, эзэн холбогдогчийг тодорхойлж зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажиллана.

Мөн дээрээс нь дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 87 сургууль, цэцэрлэгийн 77 мянга гаруй хүүхдийн ядаж 20-30%-д орчны аюул ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ мэдээлэл, зөвлөмж өгч, яриа таниулга хийж, “Өсвөрийн аврагч” “Бяцхан аврагч” бүлгүүдийг байгуулна.

Аяны хүрээнд хийгдэх бас нэгэн томоохон ажлуудын нэг нь “Оролцоотой хүүхэд” чуулга уулзалт, зөвлөгөөн, дадлага сургуулийг зохион байгуулж, 1000 сурагчийг хамруулахаар төлөвлөсөн.
 
 -Маш сайхан үр дүнтэй ажлыг зохион байгуулах гэж байгаа юм байна ААНБ, айл өрх эцэг, эхчүүдэд хандаж уриалан хэлбэл?

  – Айл өрх бүрийн ард өрхөөдөм бяцхан үрс байдаг тул тэднийхээ гэрэлт ирээдүйн төлөө аюулгүй Ээлтэй орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг уриалмаар байнаа.

Эх сурвалж: Olloo.mn

scroll to top