Өчигдөр Пакистаны баруун хойд бүс нутагт халдварт саа өвчний эсрэг вакцинжуулалтын багийг хамгаалж байсан хоёр цагдаа зэвсэгт этгээдүүдэд буудуулж алагджээ.
Иргэдийг вакцинжуулж байсан эмнэлгийн хоёр ажилтан эсэн мэнд үлдсэн байна.
Вакциныг эсэргүүцэгч зэвсэгт бүлэглэлүүд Пакистанд ийм халдлага байнга зохион байгуулдаг. Тэд халдварт саагийн вакциныг муслимуудыг үргүй болгох зорилготой Өрнөдийн орнуудын явуулга гэж үздэг байна. Бас вакцины найрлагад гахайн тос байдаг гэсэн цуурхал тараадаг гэнэ.
Дэлхий даяар устсан гэгддэг халдварт саа өвчин өнөөдөр зөвхөн Пакистан, Афганистан улсуудын хүн амын дунд оршсоор байгаа юм.
Өчигдөр хоёр зэвсэгт этгээд нууц байрлалаас вакцинжуулалтын баг руу гал нээснийхээ дараа мотоциклоор зугтсан тухай орон нутгийн цагдаагийн алба мэдээлжээ.
15 сар завсарласны дараа Пакистан улсад өнгөрсөн дөрөвдүгээр сард халдварт саа өвчний эхний тохиолдол бүртгэгдэж байв. Үүнээс хойш нийт 13 тохиолдол нэмж батлагдсан нь бүгд Афганистантай хил залгаа хойд Вазиристан мужид бүртгэгджээ.
Энэ нутаг хуучин Талибан хөдөлгөөний гол түшиц газар болж байв.
Эх сурвалж: BBC