Сармагчны цэцэг өвчний вирус хүнээс нохойд халдсан анхны тохиолдол бүртгэгдсэнийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр зарлажээ.
Үүнтэй холбоотойгоор уг вирусийн халдвар авсан хүмүүст амьтантай ойр байхаас зайлсхийхийг зөвлөсөн байна.
Парис хотод амьдардаг хоёр эрэгтэйгээс тэдний тэжээдэг “Italian greyhound” үүлдрийн нохойд сармагчны цэцэг өвчний вирус халдварласныг эрдэмтэд саяхан тогтоосон юм.
Хүнээс амьтанд вирус халдварлах нь онолын хувьд боломжтойг эрдэмтэд өмнө нь анхааруулж байсныг ДЭМБ-ын төлөөлөгч мэдээлжээ.
Тиймээс тэжээвэр амьтнаа хэрхэн хамгаалах, тэдгээрийн ялгадсыг хэрхэн зөв зохицуулах нь өвчнийг цааш тараахгүй байхад чухал болохыг ДЭМБ-ын мэргэжилтэн Розамунд Льюис анхааруулсан байна.
Тэжээвэр амьтны ялгадсыг ил задгай хаяснаас харх зэрэг хүмүүсийн ойр сүрэглэн амьдардаг бусад амьтанд вирусийн халдвар дамжих эрсдэлтэйг тэр тайлбарлажээ.
Энэ оны тавдугаар сард Европ тивд дэгдсэн сармагчны цэцэг өвчин өнөөдөр дэлхийн 92 орны 35,000 гаруй хүнд халдварлаж, 12 хүн нас бараад байна.
Эх сурвалж: AFP