Хүн төрөлхтөн хүйтэн дайны үеийн иргэний хамгаалалтаас байгалийн гамшигтай тэмцэх шилжилтийн онцгой үед Улсын иргэний хамгаалалтын газрын дарга, Улсын байнгын онцгой комиссын орлогч даргаар томилогдон ажиллаж, иргэний хамгаалалтын уламжлалт үзэл санаа, ойлголтыг өөрчилж, гамшгийн менежментийг хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн эрхэм хүмүүнийг бид онцолж байна. Түүний гавьяа зүтгэлийн үр шимээр Гамшгаас хамгаалах хуулийг батлуулж, улмаар өнөөгийн Онцгой байдлын байгууллагыг бий болгох үндэс суурийг тавилцсан хүн бол О.Үржин генерал юм. Тийм ч учраас эрхэм генералын намтар, түүх Улсын иргэний хамгаалалт, Онцгой байдлын байгууллагатай салшгүй холбоотой.
Дайны үеийн бус, өөрчлөн байгуулалтын үеийн иргэний хамгаалалтын эхлэлийг тавьсан онцгой үе
Түүх сөхвөл, Монгол Улсын иргэний хамгаалалтын байгууллага 1992 онд Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагад ажиглагч гишүүнээр элсэн орсноор дэлхий нийтийн чиг хандлага, хөгжилтэй хөл нийлүүлэх гараагаа тавьсан гэдэг. Улмаар 1994 онд Монгол Улсын “Иргэний хамгаалалтын тухай” хуулийг шинэчлэн батлуулж, иргэний хамгаалалтын улсын албадыг шинэчлэн зохион байгуулж, хяналтын дүрэм батлагдан гарчээ. Энэ цаг үеэс дайны үеийн бус, өөрчлөн байгуулалтын үеийн иргэний хамгаалалтын үйл ажиллагаа илүү чухлаар тавигдаж өнөөдөр бидэнд танил болсон “гамшиг” гэдэг нэр томьёо жинхэнэ утгаараа анх орж ирсэн бөгөөд Улсын байнгын онцгой комисс ч анх байгуулагдсан юм. Энэ тухайгаа О.Үржин генерал нэгэнтээ, “Жинхэнэ ясны цэргийн хүнд эх орноо гэсэн сэтгэл бусдаас илүү төлөвшиж, амь насаа эх орныхоо төлөө өгөхөд бэлэн байхаа тангарагладаг. Цэргийн хүн тушаалаар хаана ямар ч алба хаах үүрэг оногдож болно. Гагцхүү тэр албыг явцуу эрх ашигт хөтлөгдөхгүйгээр, эх орныхоо эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж, нэр төртэй хаших чадвартай байдгаараа бахархах ёстой. Би улс орныхоо эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж, Иргэний хамгаалалтын салбарт шинэчлэл хийж чадсандаа бахархдаг. Батлан хамгаалах салбартаа би хайртай. Гэхдээ салбартаа хайртай нэрийн дор иргэний хамгаалалтын байгууллагад зайлшгүй тулгамдсан, ард түмэндээ хэрэгтэй өөрчлөлт, шинэчлэлийг хийхгүй байх эрх, сэтгэл зүрх надад байгаагүй” хэмээн хэлж байсан удаатай.
Батлан хамгаалах яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газар ахлах мэргэжилтэн, ЗХЖШ-ын Цэргийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газрын орлогч даргаар ажиллаж байсан О.Үржин 2000 оны 9 дүгээр сараас Улсын Иргэний хамгаалалтын газрын дарга, Улсын онцгой комиссын орлогч даргын албанд томилогдов.
Генералын хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрөө зориулсан иргэний хамгаалалтын байгууллагын шинэчлэл тийм ч шулуун дардан замаар явсангүй. Тухайн үед иргэний хамгаалалтын албыг хөгжүүлэх тодорхой бодлого, чиглэл байхгүй, гамшгаас хамгаалах нэгдсэн тогтолцоогүй байсан үе. Мөн иргэний хамгаалалт болон гамшгийн уламжлалт ойлголт, эрх зүйн орчныг дэлхий нийтийн хандлага болон өөрийн улс орны онцлог нөхцөлд нийцүүлэн өөрчлөх, тархай бутархай олон байгууллага албаны үйл ажиллагааг нэг зорилго, чиглэлд нэгтгэх их ажил хүлээгдэж байлаа.
Дэлхий нийтийн чиг хандлагыг тусгасан Иргэний хамгаалалтын хуульд иргэний хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэх тал дээр багагүй анхаарсан хэдий ч долоон жилийн хугацаанд биеллээ олж бүрэлдэж амжаагүй, учир дутагдалтай зүйл их байгаа нь шинэхэн даргад илт байж. Түүнийг ИХГ-ын дарга болсны дараах хамгийн том сорилт бол Дорноговь аймагт гарсан шүлхий өвчин байлаа. Тухайн үед энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар ч ажил хийгдээгүй. Ядаж л хил дагуух малаа вакцинжуулаагүйн дээр орон нутгийн мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар сул, малын эмч, малчин хоёул мэдлэггүйн улмаас өвчнийг газар авахуулсан хүндхэн нөхцөл байдалтай байжээ. Түүний ажигласнаар байгалийн болон олныг хамарсан гамшиг осол боллоо гэхэд хүмүүс хий л оволзоод байхаас биш хүн бүр өөрийн хийх ажил, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгомоор санагдаж байж. Тухайн үед “Иргэний хамгаалалт нь гамшиг, ослын аюулаас хүний амь, эд хөрөнгийг урьдчилан сэргийлэх, хамгаалах, аврах, учирсан хор уршгийг арилгах арга ажиллагаанд иргэдийг сургаж бэлтгэх цогцолбор арга хэмжээ мөн” гэх хуулийн заалт хэрэгжихгүй байлаа. Тодруулбал, хуулийн гамшиг ослын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах гэсэн заалтыг засаг захиргаа, аж ахуйн нэгж байгууллагууд маш муу биелүүлж байгаатай холбоотой байсныг анзаарсан хэрэг. Тиймээс удирдаж байгаа хүний хувьд нэн тэргүүнд байгууллагыг чадавхжуулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, албаны бэлэн байдал болон мэргэжилтэй боловсон хүчнээр хангах тогтолцоог бүрдүүлэх, олон улсын тусламж дэмжлэг авах, гадаад харилцааг хөгжүүлэх ажлуудыг шат дараатай эхлүүлснээр иргэний хамгаалалтын гажуудлыг өөрчлөх шинэчлэлийн эхлэл тавигдсан нь энэ цаг үе юм.
Гамшигтай тэмцэх асуудлын хүрээнд хамрагддаг төрийн болон нутгийн захиргааны 50 гаруй байгууллага салбарын эрх ашгийг бодон чиг чигээ харсан бодлого үйл ажиллагаа явуулж ирсэн нь 2000-2003 оныг дамжин үргэлжилсэн зуднаар харагдсан гэдэг. Энэ зуд 21 аймгийн 378 сумын нутаг дэвсгэрийг хамарч, 30 гаруй хүн амь насаа алдаж, 8.6 сая толгой мал хорогдож, 373.5 тэрбум төгрөгийг хохирол учруулжээ.
Иргэний хамгаалалтын хуулиар зохион байгуулалт удирдлага, хүч хэрэгслийг тодорхой зохицуулсан байна. Гэтэл тус хуулиар тусгайлан заагаагүй бүрэн эрх нь хуулиар тогтоогдоогүй Улсын байнгын онцгой комисс болон орон нутгийн байнгын онцгой комиссыг Засгийн газрын тогтоолоор байгуулж дүрмийг нь батлан ажиллуулж байлаа.
УБОК-ын ажлын алба нь УИХГ байна гэсэн заалт нь Улсын иргэний хамгаалалтын газрын хуулиар тодорхойлсон эрх үүрэг, хариуцлагыг бүрхэгдүүлэхэд хүргэсэн байв. Улсын иргэний хамгаалалтын үйл ажиллагааг УИХГ-ын дарга чиглүүлж, шууд хариуцаж удирдана гэсэн заалтыг УБОК-ын даргад мөн адил хамаатуулсан нь давхар шат дамжлага, давхардал бий болгосон байв. Иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь иргэний хамгаалалтын цэргийн анги салбаруудыг удирдах эрхтэй бөгөөд орон нутагт цэрэг иргэний хамгаалалтын штабууд нь ЗХЖШ-ын үүрэг даалгавар, батлан хамгаалахын чиг үүрэгт илүү захирагдаж иргэний хамгаалалтын байнгын бэлэн байдлыг хангахад оролцох сонирхолгүй байв. УБОК УИХГ-аас бусад байгууллагатай харилцан ажиллах иргэний хамгаалалтын зэрэг дэв, агуулга, ангиллыг хуулиар тодорхойлоогүй, онц байдал, дайны үед иргэний хамгаалалтын удирдлагын тогтолцоо хэрхэн өөрчдөгдөх нь тодорхойгүй. Тухайн харилцааг зохицуулж байгаа хуулиудад бүрхэг заагдсан хүн хүч, материал хэрэгслийг дайчлах үндэслэл түүний нөхөн олговрын асуудал ч бүрхэг байв.
Эрх зүйн шинэчлэлийг эхлүүлэв
Аливаа шинэчлэлд түгээмэл тохиолддог бэрхшээл байдаг. Иргэний хамгаалалтын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх явцад БХЯ-ны зарим удирдлага улс орны эрх ашгаас салбарын явцуу эрх ашгийг дээгүүр тавьж байсан саад учруулж байсан үе ч бий. Гэвч иргэний хамгаалалтын офицеруудын дийлэнх нь мэргэжлийн үүднээс шинэчлэл хийх зайлшгүй хэрэгцээ шаардлага байгааг ойлгож шинэчлэлийн байр суурин дээр хатуу зогсож байсан гэдэг. Иргэний хамгаалалт гэсэн нэрийг Батлан хамгаалах салбарт авч үлдэх, гамшгийн аюулын өөдөөс амь өрсөн тэмцдэг офицер ахлагч нарыг цолгүй байх гэсэн төсөл ч оруулж байсан удаатай. Гэтэл цол бол төрийн тусгай албан хаагчдын хувьд дээдэлж, хүндэлж явдаг нэр төрийн хэрэг байдаг. Аюул, осолтой нүүр тулж, гамшигтай тэмцдэг хүмүүсийг цолгүй болговол тэдэнд сэтгэл зүйн хүнд цохилт болоод зогсохгүй, гамшгаас хамгаалах албаны тогтвортой байдал алдагдаж, улсад ихээхэн хохирол учрах нөхцөл бүрдэх байлаа.
Тухайн цаг үеийн нөхцөл байдлын талаар генерал О. Үржин “Эрх зүйн шинэчлэл хийсэн энэ хугацаанд офицер, ахлагч нарын цолны асуудал миний сэтгэлийг хамгийн их түгшээсэн. Тэднийхээ өмнө буруутан ч юм шиг санагддаг үе байсан шүү. Үүний зэрэгцээ хуулийн ерөнхий концепцийг алдагдуулахгүй авч үлдэх, дараа нь нэмэлт өөрчлөлт оруулах замаар бусад алдааг засаж болох байх гэж бодогддог юм байна лээ. Энэ хууль улс орны болон ард түмний эрх ашгийн үүднээс анх гарсан. Анхныхаараа гарсан бол ард түмэнд илүү хэрэгтэй байх байсан. Гэхдээ сайн хууль. Ерөнхий концепци нь үлдсэн” хэмээн дурдсан нь бий.
Аврагчдыг техник хэрэгслээр хангах талаар нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээгүй, улаан гараараа “гал” руу ордог байлаа. Иргэний хамгаалалтын байгууллага Батлан хамгаалах яамны харьяанд цэргийн тодотголтой учраас олон улсын байгууллагууд хүмүүнлэгийн алба гэж үздэггүй байв. Харин олон улсын жишиг болон улс орныхоо эрх ашигт нийцүүлэх, олон улсын тусламж дэмжлэг авч энэ албыг бэхжүүлэх шаардлага тулгарч байгааг О.Үржин дарга мэдэрч, байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн анхаарсан байна. Үүний үр дүнд ч НҮБ-ын Xөгжлийн хөтөлбөрийн “Монгол оронд гамшгийн аюулыг бууруулах менежментийн тогтолцоог боловсронгуй болгох” төслийг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлэн удирдагчаар нь ажилласан юм.
Тухайн үед Улсын иргэний хамгаалалтын газар хоёр алба, долоон хэлтэс, 122-р анги, найман аймаг, нийслэлийн байгалийн гамшигтай тэмцэх аврах отряд, салбар гэсэн бүрэлдэхүүн, хүч хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байжээ. Аврах салбарууд анх удаа аймгууд моторт завь, аврах хэрэгслээр тоноглосон фургон автомашинтай болж, цэргүүдийнхээ бага ч болов асуудлыг шийдэж эхэлтэл Улсын иргэний хамгаалалтын байгууллагад мэргэжилтэн хэрэгтэй боллоо. Тэрээр иргэний хамгаалалтын сургалтыг шинэ шатанд гаргахад анхаарч 2001 оноос Батлан Хамгаалах сургуулийн Иргэний хамгаалалтын тэнхимд мэргэжлийн удирдлагын офицер, аврагч, усчин, шүхэрчин, химич, холбоочин, саперчин зэрэг мэргэжлүүдээр боловсон хүчин бэлтгэж эхэлсэн юм.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үед Батлан хамгаалахын удирдлагын зүгээс өөр хуулийн төсөл зэрэгцүүлэн оруулж ирсэнтэй холбоотойгоор хоёрхон хоногийн дотор олон чухал заалтууд хасагдсан нь харамсалтай ч “Иргэний хамгаалалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж Засгийн газарт өргөн барьснаар 2003 оны зургадугаар сарын 20-ны өдрийн УИХ-аар “Гамшгаас хамгаалах хууль” батлагдсан юм.
Манай улсын хувьд иргэний хамгаалалтын эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлийн үр дүнд олон улсын нийтлэг жишгийг тооцсон, улс орныхоо өөрийн онцлог, эрх ашгийг бүрэн илэрхийлсэн гамшигтай тэмцэх тогтолцоо бий болгох шаардлага ийнхүү гарч ирсэн юм.
Гамшгийн удирдлагын шинэчлэл нь иргэний хамгаалалтын өөрчлөлтөд зохицсон эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэхээс ихээхэн шалтгаалах байв. Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн “Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах” тухай тогтоолоор ХЗДХЯ-ны харьяа Гал түймэртэй тэмцэх газар, ХХААЯ-ны харьяа Улсын нөөцийн газар, БХЯ-ны харьяа Иргэний хамгаалалтын газрыг нэгтгэн Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг байгуулж, даргаар хошууч генерал П. Дашийг, тэргүүн дэд даргаар хошууч генерал О.Үржинг томилж байв. Гурван өөр байгууллагыг нэгтгэн нэгдмэл үйл ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэл үүсч байв. Улмаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж, Гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн сайдтай болж, Монгол Улсад ажилласан НҮБ-ын Гамшгийн үнэлгээ зохицуулалтын багийн өгсөн хуульд зарим нэр томьёог тодотгох шаардлагатай гэсэн зөвлөмжийг үндэслэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарсан. Мөн гурван байгууллагаас нэгдсэн алба хаагчид ямар цол хэрэглэх нь тодорхойгүй байлаа. Ийнхүү онцгой нөхцөлд үүрэг биелүүлдэг аврагч, гал сөнөөгчдийн нийгмийн баталгааг тусгаж өгсөн олон нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж байв.
Зарим нэг томьёог тодотгож, гамшиг гэдэг тодорхойлолтыг түвшингээр нь ангилж, ялгаж өгөв.
Гамшгийн хохирлыг сум өөрийн нөөц боломжоор шийдэж чадаж байвал сумын түвшинд, тэр бололцооноос давбал орон нутгийн түвшинд, түүнээс дээш бол аймаг, бүс, улс, олон улс гэсэн шат дараалсан тусламж авна гэж хуульд тусгаж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын эрх, үүргийн асуудлыг томьёолж өгсөн юм.
Цолыг бусад цэрэгжсэн байгууллагын нийтлэг жишгийг баримтлан хуульчилж өгсөн ба Гамшгаас хамгаалах байгууллагын албан хаагчдын өргөх тангаргийг нэмэлт хуулинд тусгажээ. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон байгууллага, иргэд оролцдог, нийтийн үйл ажиллагааг хамарсан байдаг учраас зохицуулалтын функцийг тодотгох шаардлага гарчээ. Нэр томьёоны хувьд онцгой ажиллагаа, онцгой байдал гэсэн томьёоллоор Онцгой байдлын ерөнхий газар гэж тодорхойлсон хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнд Онцгой байдлын ерөнхий газар байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчин, тогтолцоо, байгууллагын бүтэц бүрэлдэж үйл ажиллагаагаа эхлүүлж байв.
Онцгой байдлын байгууллага өнөөдөр үндэсний болон олон улсын хэмжээнд итгэл хүлээсэн, үйл ажиллагааны чадавхтай байгууллага болон хөгжих эхлэлийг тавилцаж, хойч үедээ залгамжлан өгсөн гавьяатай олон хүмүүсийн нэг нь О.Үржин генерал гэдэгтэй маргах хүн байхгүй билээ. Ийнхүү амьдралынхаа бүхий л цаг хугацааг улс орон, салбарын шинэчлэл, хүн ардын сайн сайхны төлөө зориулж ирсэн эрхэм генералын ажлаас жаахан хөндийрч хувийн амьдралынх нь замналаар нийтлэлээ үргэлжлүүлье.
“Заяа байвал жанжин болно”
Монгол Улсын алс баруун хязгаараас их Ленинградыг зорьсон ховорхон хувь тохиолын эзэн хошууч генерал О. Үржин 1953 онд Ховд аймгийн Дарви сумын Дөтийн үзүүрт ард Одхүүгийн дөрөвдүгээр хүү болон мэндэлж бага насаа аав, ээжийнхээ дэргэд ах Базарынхаа хамт шилбүүр унаж, хөл нүцгэн уралдаж өсчээ. Түүнийг зургаан настай байхад нутагт нь өрнөсөн их нүүдлээр Одхүүгийнх голынхоо адаг “Тунгалагийн тал” -аас Ховд аймгийн төв рүү нүүн иржээ. Өөрөөр хэлбэл, хөдөөгийн жаахан хүү хот хүрээ газартай анх танилцсан нь энэ юм. 1961 онд Ховд аймгийн төвийн Ард Аюушийн нэрэмжит найман жилийн дунд сургуульд ахтайгаа хамт нэгдүгээр ангид хамт орж хоёулаа нэг ширээнд суусан тэрсхэн хоёр хүүг эхэн үедээ ангийн багш нь сайн ялгадаггүй байсан гэдэг.
Тэрээр, “Манай ангийн багш Гэлээхүү дугуй унаад л ангийнхаа хүүхдүүдийн гэрээр явж, эцэг, эхтэй нь уулздаг хүн байлаа. Манайх аймгийн төв дээр Зүүн хаалга гэдэг газар хашаатай байсан. Нутгийн айлууд ч цөөнгүй, хасаг айлууд ч олон байж билээ. Сургуулиас нэлээн зайтай, бид хоёр сургууль, гэрийн хооронд алхана. Заримдаа өглөө эрт Улаан богочийн рашаанаас аав, ээждээ цай чанах ус авчирч өгөөд сургуульдаа явна. Тэр үед сампин байхгүй учир бид уутанд арван шагай хийж авч явж, тоо бодоход ашигладаг байв. Шагай зарим үед өөрийгөө хамгаалахад хэрэг болох тохиолдол ч байлаа. Базар ах бид хоёр сургууль руу явах замдаа чулуу ихтэй гудамжаар дамжин өнгөрнө. Тэр гудамжинд Дүнсэл гэдэг эмч айл байдаг. Тэднийх бид хоёрын үеийн болон биднээс дөрөв, таван насны ах хоёр хүүтэй. Яагаад ч юм, бид хоорондоо таарамж муутай, дүүгээс нь айхгүй ч ахаас нь эмээнэ. Ах нь тааралдвал зодох гэнэ. Нэг удаа бид гэрийнх нь хажуугаар өнгөрч яваад хашааны хаалга руу нь чулуу шидсэн чинь ах нь гараад ирэв, бид ч айсандаа зугтлаа. Хойноос хөөгөөд ахыг гүйцээд бариад автал ах ууттай шагайгаараа гар руу нь цохиод автал уйлаад суучихаж билээ. Одоо бодоход шагай их өвтгөсөн байх. Бид гуравдугаар анги төгссөн жил Дүнсэл эмчийнх манайхтай ойр зусаж, хүүхдүүдтэй нь сайн найзууд болсон доо” хэмээн бага насаа дурслаа.
Тэднийг дөрөвдүгээр анги төгсдөг жил нь нэг айлын хоёр хүүхэд зэрэг төгсч байвал нэгийг нь мал дээр гаргах асуудал яригдаж, улмаар ах нь сургуулиас гарч Үржин тавдугаар ангид дэвшин суралцжээ. Дараа жил нь буюу 1966 онд том ах Дагвадорж нь Санхүү, эдийн засгийн техникум төгсөөд Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйд хуваарлагдаж, эцэг, эх, дүү нараа татан авсан учраас тэрээр Зүүнхараад дунд сургуулиа дүүргэсэн үеэ “Ховдод дунд сургуулийн сурагч халимаг тавьдаггүй, формны оронд монгол дээл өмсөнө. Харин Зүүнхараад хүүхдүүд халимагтай, бас заавал тансаг хилэн форм өмсөнө. Ах бид хоёр халимаг яаж засдаг талаар ойлголт байхгүй, толгойгоо тэг дундуур нь тойруулж уяад доод хэсгийн үсийг машиндаж, хөмөрсөн тогоо шиг л халимагтай болсон” гэж хуучилсан нь төв суурин болон алслагдсан газрын хөгжлийн ялгаа харагдах.
“Заяа байвал жанжин болно” хэмээн монгол цэргийн нэрт зүтгэлтэн жанжин Лхагвасүрэн цэргийн албанд татагдсан цэл залуухан насандаа хэлж байсан гэдэг. Арван жилийн сурагчийн ширээнээс эрдмийн их аянд мордсон Үржин хүүгийн өмнө ирээдүйн генерал болох их хувь заяаны зам угтан байжээ. 1971 оны хавар Зүүн хараагийн нэгдүгээр арван жилийн сургуулийн аравдугаар анги төгссөн 60 гаруй хүүхэд дээд сургуульд элсэх уралдаант шалгалтад өрсөлджээ. Цахилгааны инженер болох сонирхолтой математик- физикийн хичээлдээ сайн Үржин уралдаант шалгалтаа амжилттай өгсөн ч аймгийн хэмжээнд ганцхан хуваарь ирж түүнд хүртсэнгүй. Харин Цэргийн Ерөнхий дээд сургуулийн хуваарь авч аавыгаа дагаад нийслэл хотыг зорьсон нь ирээдүйн генералын зам эхэлсэн гэлтэй. Тэрээр хэрхэн цэрэг болсон тухайгаа “Цэргийн сургуулийн сурагч бидэнд карантины хугацаа сургалт, бэлтгэл тэвчээр, хатуужлыг жинхэнэ утгаар нь олгосон. “Сэрээд”, “жагс” командаар бүрэн хувцаслаж чадаагүй хүүхдүүд өмд гутлаа барьчихсан, зарим нь өрөөсөн гутал, хувцсаа тэвэрчихсэн жагсдагсан. Карантинд дэг журам чанга, бага дарга нар өндөр шаардлага тавина, халуун наранд номхон командтай их зогсоно. Заримдаа бүр алсын толгой дээрээс “жагс” команд өгөгдөөд номхон командыг уянгалуулж байгаад но…о…м…хон гээд дуусахад хэн нэг нь амжихгүй хоцорч орхино. Дахиад тарна, дахиад л жагсана. Өдөржин сургууль хийнэ. Бага дарга нар дүрэм зөрчиж зодох, дарамтлах асуудал гаргаж байгаагүй. Даргын хүүхэд гэж ялгаварлаж байсангүй. Манай курст л гэхэд генерал, хурандаагийн хүүхдүүд олон байсан, бидэнтэй адил л дэг, журмаа барьж, хариуцлагаа үүрдэг байв. Сургуулийн бүх бүрэлдэхүүн нэгдэн жагсаад Улаанхуарангаас Сүхбаатарын талбай хүртэл хөгжимт жагсаалаар алхана” гэж дурсан бичжээ.
Түүний ярьсанчлан “Их бууны дууг анх сонсоход зүрх муутай хүн халширмаар чанга шүү дээ. Д.Базарсад багш минь 100 мм-ийн Пушка буугаар чиг шагайлтын буудлага хийлгэж байхад галт байрны хойгуур замаар өнгөрч явсан хоёр жолооч сонирхоод хүрээд ирж билээ. Бид буу руугаа ойртож зогсоод, нөгөө хоёр жолоочийг “наашаа зогс” гэж хажуудаа зогсоож байгаад гал нээсэн чинь тэр хоёр орилоод их айж билээ. Артиллерчдийг зарим хүмүүс дүлий гэж шоглодог. Хээрийн сургууль, шалгалт, дадлагын үеэр буудлага хийж байгаад ирэхээрээ “чих хатуурч” хэд хоног болдог гэнэ.
“Артиллерийг дайны бурхан гэдэг. Тэгэхлээр артиллерчин хүн бас л том бурхан байх нь ээ дээ?” гэж эх орноо хамгаалахад артиллери ямар үүрэгтэйг асуусан сурвалжлагчийн асуултад О.Үржин генерал “Артиллери бол олон шинжлэх ухааны холбоо уялдаан дээр хөгждөг онцлогтой. Артиллерчин хүн нэг бол бурхан эсвэл буг болно. Бүх зүйл тооцоо, хариуцлага дээр үндэслэгддэг. Тооцоогоо буруу хийвэл, хариуцлага алдвал өөрийнхөө дээр сум буулгана шүү дээ. Ийм үед юуных нь бурхан болох билээ, харин буг л болно шүү дээ” хэмээн хариулж байжээ.
Артиллерийн командлалаас сургуулиа Сүхбаатарын нэрэмжит цалинтай төгссөн дэслэгч О.Үржин өөрийн хүсэлтээр 150 дугаар ангид тооцооны салааны захирагчаар томилогдож байв. Батлан хамгаалахын сайд, армийн генерал Б.Дорж “Сайн ажиллавал хоёр жилийн дараа академийн уралдаант шалгалтад оруулж болох юм” гэж хэлж байсан тул ЗХУ-ын цэргийн академид суралцах шалгалт өгч тэнцэн Ленинград хотыг зорьж байлаа. ЗХУ-ын Артиллерийн академийг онц дүнтэй төгссөн гадаад төгсөгч нарын дундаас нэг л хүнд алтан медаль гардуулдаг журамтай. 1981 оны Артиллерийн академийн төгсөгчдөөс Монгол Улсаас ирсэн сонсогч О.Үржин, Польшийн нэг офицерын хамт онц төгсч, алтан медалийг болзлыг хангаж байж. Харин сургуулийн удирдлага О.Үржинд алтан медалийг гардуулах шийдвэр гаргасан гэдэг.
Шинжлэх ухаанд шинэ шан татсан эрдэмтэн
Манай оронд шинэ тутам хөгжиж буй гамшиг судлал хэмээх салбар дундын шинжлэх ухааны хөгжилд Шинжлэх ухааны доктор, профессор О.Үржингийн оруулсан хувь нэмэр томоохон орон зайг эзэлнэ. О.Үржин докторт Иргэний хамгаалалтын газрын даргаар ажиллаж эхэлсэн цагаас эхлэн энэ салбарт шинжлэх ухааны бүтээл дутагдалтай, алба хаагчид нь уншиж судалчихаар мэргэжлийн ном, гарын авлага байхгүй, хэдэн хууль тогтоомж, дүрэм, заавраас өөр зүйлгүй шахам нөхцөлд байгаа нь илт байв.
Гамшиг бол дэлхий дээр амьдрал үүссэн тэр цагаас эхлэн хүн төрөлхтний амь нас, ахуй амьдралд сөргөөр нөлөөлж хор хохирол учруулсаар ирсэн ч гамшгаас хамгаалах үзэл баримтлалын түүхэн хөгжлийг эртний (1900 он хүртэл), иргэний хамгаалалтын (1920-1990), гамшгаас хамгаалах менежментийн (1990-2005) гамшгийн эрсдэлийн менежментийн (2005 оноос) үе гэсэн байдлаар хувьсан хөгжиж ирсэн хэмээн эрдэмтэд тодорхойлсон байдаг. Иргэний хамгаалалтын газрын дарга, дэд даргаар ажиллаж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаа нь олон тооны арга хэмжээнээс бүрдэх цогц үйл явц гэдгийг онол, практикийн хувьд тодорхойлж өгөхийн сацуу, О.Үржин доктор дэлхий нийтэд гамшгаас хамгаалах үзэл баримтлал урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад бүхэлдээ чиглэж байгааг мэдэрч энэ чиглэлээр судалгаа хийж бүтээл туурвихад анхаарч эхэлсэн байдаг. Түүнчлэн шинжлэх ухааны боловсон хүчин бэлтгэхэд онцгой анхаарч, аюулгүй байдал, гамшгаас хамгаалах ухаан болон цэргийн шинжлэх ухааны чиглэлээр 24 докторантын эрдэм шинжилгээний ажлын удирдагч, зөвлөхөөр ажиллаж, тэдгээрт судалгаа шинжилгээний ажлын арга зүйг зохих төвшинд эзэмшүүлсэн бөгөөд шавь нар нь доктор (Ph.D)-ын зэргийг амжилттай хамгаалсан юм. Одоо тэрээр 10 гаруй докторантын эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар ажиллаж байна. Мөн батлан хамгаалах болон аюулгүй байдлын чиглэлээр 18 магистрын ажлыг удирдаж хамгаалуулсан байна. Аюулгүй байдлын ухааны чиглэлээр, түүний дотор гамшиг судлалын чиглэлээр бэлтгэгдсэн докторууд үндсэндээ түүний шавь нар бөгөөд тэд аюулгүй байдал болон гамшгаас хамгаалах судлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа гавьяатай. Түүний эрдмийн ажлын сүүлийн 15 жилд буюу гамшгаас хамгаалах салбартай ажил амьдралаараа холбогдож ирсэн он жилүүдэд гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн судалгаа, шинжилгээний ажлыг өөрөө хийж, ном бүтээл гаргахын зэрэгцээ энэ чиглэлээр мэргэшсэн эрдэмтдийг төрүүлэхэд онцгой анхаарч ажилласан нь түүний гамшгаас хамгаалах салбарын алба хаагчдыг удирдаж докторын зэрэг хамгаалуулсан байдлаас илэрхий харагдана.
Монгол Улсад гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсийн анхдагчдын нэг шинжлэх ухааны доктор, хошууч генерал О.Үржин багш эдүгээ гамшгаас хамгаалах салбарт судалгааны аргазүй эзэмшсэн доктор, онцгой байдлын байгууллагад мэргэжлийн хүний нөөцийг ахисан шатанд бэлтгэн гаргахад хүч, хөдөлмөрөө зориулж, оюун ухаанаа чилээсээр явна.
Эх орноо хамгаалахад цэрэг хэрэгтэй байдаг бол эрдэмт жанжингүй цэрэг үзүүргүй жад, зэвгүй сумтай адил билээ. Үүнийг дурдахын учир нь О. Үржин генералын эхлүүлсэн Иргэний хамгаалалтын шинэчлэл, гамшгаас хамгаалах тогтолцоо, сэтгэл зүрх, оюун ухаанаа шавхан байж үүсгэн, бүтээн босголцсон Монгол Улсын Онцгой байдлын алба энэ хүнд цагт ачааны хүндийг үүрч байгаатай холбоотой билээ. Эрдэмтэн генерал тэртээх 17 жилийн өмнөөс Монгол орны гамшгийн эрсдэлийн байдлыг бодитоор тодорхойлж, ирээдүйг зөв харж чадсаны баталгаа нь өнөөдөр цар тахалтай нүүр тулан эх орноо хамгаалж байгаа Онцгой байдлын байгууллагын ажлын үр дүн юм.
Тийм ч учраас энэхүү нийтлэлээ “Гамшгаас хамгаалах шинэчлэлийн салхийг хагалсан Генерал” хэмээн нэрлэсэн нь учиртай.
Эх сурвалж: “Онцгой” сэтгүүл