Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 20-нд нутгийн зарим газраар, 21-нд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 20-нд ихэнх нутгаар дулаан байх боловч, 21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн “Есөн-Эрдэнэ” худалдааны төв гал гарч байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 20:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход, хүнсний худалдааны төвийн /зэргэлдээ 4 лангуу/ 25м2 талбай шатаж байсныг 01:57 цаг ажиллан унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг /аймгийн төвөөс зүүн зүгт 83 км, сумын төвд/ гэр шатаж байна гэсэн мэдээллийг 08.18-ны өдрийн 07:48 цагт сумын Засаг даргын Тамгын газрын дарга мэдээлсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан орон нутгийн иргэд очиход иргэн Ц-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 02:48 цаг ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 20 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12:36 цагт хүлээн авсан.Тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн задгай /аймгийн төвөөс зүүн урд зүгт 168 км, сумын төвөөс баруун хойд зүгт 2 км/-т Автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 22:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх аврах салбарын алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн О-ын “Тоёота Марк-2” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцат багийн Баян-Арцат гудамжны 60 тоот  /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км, ангийн байрлалаас баруун зүгт 5 км/-т гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 22:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн Г-ын 5 ханатай гэр шатаж байсныг 7 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:  

Цас шаварт суусан: Төв аймгийн Мөнгөнморьт сумын 2 дугаар баг, Их голын-Арал гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 194 км, сумын төвөөс зүүн урд зүгт 40км/-т Хэрлэн голд /4 зорчигчтой/ суудлын автомашин сууж, зорчин явсан иргэд автомашинаас гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 10:20 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах, 64 дүгээр ангийн алба хаагчид 35 км замыг замыг туулан очиход иргэн Г-ын “Тоёота Хайлукс” загварын /4 зорчигчтой/ суудлын автомашин Хэрлэн голын усанд суусан байсныг иргэдийг аюулгүй газарт гарган, автомашиныг татан гаргасан.

Бусад төрлийн осол /аюул/: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн “Хийморь” хорооны 10 дугаар гудамжинд Иргэн Б нүхэн жорлонд унасан гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 12:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн Л /81 настай, эмэгтэй/ 4 метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг татан гаргаж, сум дундын Нэгдсэн эмнэлгийн их эмчид хүлээлгэн өгсөн.        

    ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top