1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо, мөн Хөвсгөл аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 25-30 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 14-16 градус дулаан байна.
Төлөв байдал: 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Зайсангийн гудамж, Гэгээнтэн цогцолбор Солонгос хоолны ресторанд гал гарч байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход тус ресторанд төмс шарагч шатаж байсныг 10 минут ажиллан унтрааж, утаажилтын бүсээс 150 хүнийг гаргасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Баянбулаг багийн “Дэвшилт” хорооллын 3 дугаар гудамжинд /сумын төвд/ Тус сумын харьяат иргэн Э /сэтгэцийн эмгэгтэй/ 08.17-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 11:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Э /52 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-г 08.21-ний өдрийн 11:00 цагаас 22:00 цаг хүртэл Цэцэн хайрхан, Сүм-Ариун гэдэг газруудаар нийт 60 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 08.22-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
Цас шаварт суусан: Төв аймгийн Баянчандмань сумын Бор хужир гэдэг газар / аймгийн төвөөс баруун хойд зүгт 111 км, сумын төвөөс хойд зүгт 6 км/-т автомашин шаварт суусан гэсэн дуудлагыг 09:44 цагт хүлээн авсан. Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 104 км замыг туулан очиход иргэн Э-ийн “Ланд Круизэр 105” загварын суудлын автомашин шаварт суусан байсныг 10 минут ажиллан татан гаргасан.
Бусад төрлийн осол /аюул/: Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК төмөр хийцэд 1 хүн гараа хавчуулсан гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 09:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 22 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан очиход тус станцын ажилтан М/34 настай, эмэгтэй/ хоол бэлтгэлийн өрөөнд гурил зуурагч төхөөрөмжинд баруун гарын шуу хэсгээрээ хавчуулагдсан байсныг 45 минут ажиллан аюулгүй болгон 10:14 цагт эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 1 дүгээр буудлын дэргэд шороо нурж, 2 хүн дарагдсан гэсэн дуудлагыг 11:24 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 8.5 км зам туулан очиход гэрээт ажилчин иргэн Л /22 настай, эрэгтэй/, Г /22 настай, эрэгтэй/ нар 7 метрийн гүнтэй нүхэнд бохирын шугамны кольцо суурилуулж байх явцад шороо нурж, дарагдсан байсан цогцсыг 7 метрийн гүнээс 02:54 цаг ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР