Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-ны өдөр баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, 24-ний өдөр нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 22-ны өдөр ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн “Дугуй хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 42 км-т, сумын төвөөс урд зүгт 45 км-т/ Амбаар, малын байр шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 16:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Н-ын 4х6 метрийн хэмжээтэй амбаар, 12х24 метрийн хэмжээтэй малын байр, малын бууц шатаж шатаж байсныг 47 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Автомашин худалдааны төв”-ийн зүүн талд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 19:35 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 10.5 км замыг туулан очиход 9х12 метрийн хэмжээтэй гарааш шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Ойн түймэр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн “Ар тээл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 202 км-т, сумын төвөөс урд зүгт 22 км-т/ Шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 22 км замыг туулан очиход аялж явсан иргэд тухайн газарт гал түлээд нурамаа бүрэн унтраалгүй явсан байж болзошгүй байсан бөгөөд ойд 2 ширхэг хар мод шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.

– Хээрийн түймэр: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бардам багийн “Даваатын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 08.20-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Хилийн цэргийн 0165 дугаар ангийн Алтай сум дахь “Шар говь” 0147 дугаар салбарын алба хаагчид, Алтай сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, мөн өдрийн 21:41 цагт бүрэн унтраасан. Түймэрт 1 га талбай шатсан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:  

Төөрсөн, сураггүй болсон: Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Баянбулаг багийн “Дэвшилт” хорооллын 3 дугаар гудамжинд /сумын төвд/ Тус сумын харьяат иргэн Э /сэтгэцийн эмгэгтэй/ 08.17-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 11:30 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын мэргэжлийн анги, ар гэрийнхэн иргэн Э /52 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-г 08.20-ны өдрийн 09:37 цагаас 21:00 цаг хүртэл Холбоо толгой, Суварга, Эгийн тал гэдэг газруудаар нийт 70 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 08.21-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.  

5.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

– Хүчтэй салхи шуурга: Өвөрхангай аймгийн Бүрд сумын Аржаргалант багийн “Номгон” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 135 км-т, сумын төвөөс зүүн урд 20 км-т/ 08.20-ны өдрийн 17:00 цагийн орчим “Номгон” гэдэг газрын орчмоор 20-22 м/с хүртэл түр зуурын хүчтэй салхи шуурсны улмаас 1 гэр нурсан тухай мэдээллийг мөн өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Шуурганд тус сумын харьяат малчин А-ийн 5 ханатай 1 гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг Бүрд сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top