Афганистаны хэд хэдэн муж үерийн улмаас ноцтой хохирол амссан талаар Kabul News агентлаг Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, үерийн улмаас 35 хүн амиа алдаж, 65 хүн гэмтэж бэртсэн байна. Тиймээс энэ улсын засгийн эрхийг барьж буй талибууд олон улсад хандан тусламж гуйжээ.
“Бид олон улс, тэр дундаа исламын орнууд, хүмүүнлэгийн байгууллагуудад хандан, үерийн улмаас хохирсон хүмүүст туслах шуурхай арга хэмжээ авах, энэ хүнд хэцүү үед хамтран ажиллахаас татгалзахгүй байхыг уриалж байна” хэмээн Талибаны засгийн газрын мэдэгдэлд өгүүлжээ.
Афганистанд тохиосон үерийн улмаас 3000 орчим орон байр, хэдэн мянган га тариалангийн талбай сүйдсэн байна. Байгалийн гамшигт хохирсон хүмүүст тусламж үзүүлэхийг Засгийн газар холбогдох байгууллагуудад даалгажээ.