1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Орхон, Сэлэнгэ аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулс болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 15-16 градус дулаан байна.
Төлөв байдал: 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
2.Гал түймэр:
– ААН, байгууллагын өмчид гарсан: Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Өлзийт багийн “Намжилваанчиг”-ийн гудамж/сумын төвд/ 08.25-ны өдрийн 03:31 цагт байшингийн дээвэр шатсан тухай мэдээллийг 08:01 цагт хүлээн авсан. 12х23 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатсаныг тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 06:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
– Хувийн өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн 8 дугаар гудамжинд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 14:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан очиход иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны “Офицер таун” хотхоны хашаанд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 14:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 15:04 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Хоолт багийн 7 дугаар гудамжинд /сумын төвд/ 08.25-ны өдрийн 15:05 цагт 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Б-ийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт 15:50 цагт мэдээлсэн.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Хилчин”-ий 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 17:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан очиход иргэн Т-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Ханбогд” хороолол 12 давхар орон сууцны байрны 5 дугаар давхраас утаа гарч байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 23:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 23:36 цагт ангиас гарч 6.5 км зам туулан очиход иргэн Ч-ын 5х7 метрийн хэмжээтэй өрөөнд гал гарч байсныг 15 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /35 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
3. Ой, хээрийн түймэр:
– Ойн түймэр: Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн “Улаан хамарын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км-т/, сумын төвөөс хойд зүгт 95 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 08.25-ны өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бардам багийн “Даваатын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 08.23-ны өдрийн 21:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллан 08.24-ний өдрийн 02:40 цагт цурамд оруулсан. 08.25-ны өдөр салхи ихтэй, бут ихтэй байгаа бөгөөд цурмаа цэвэрлэн ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 6 га орчим талбай шатсан.
4.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Долоон-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 19 км-т, Ө-51°21’36.0” У-100°33’00.0”/ 08.25-ны өдрийн 23:18 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 23:27 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР