Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд, Увс аймагт бороо орсон.

  Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод:  Үүлэрхэг, бороо орно, салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал:  30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9 дүгээр сарын 1-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 2-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 31-нд тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 31-нд нутгийн баруун хагаст, 9 дүгээр сарын 1-нд ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Увс аймгийн Өмнөговь сумын Баянгол багийн “Сарьдаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 150 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ 08.28-ны өдрийн 01:00 цагийн орчимд иргэн О-гийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн О-ийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч 14:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.  

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Задгай /12 дугаар байрны хойд талд/ ашигладаггүй хуучин байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.28-ны өдрийн 22:19 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан очиход цоожгүй, хуучин ашигладаггүй 4х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Н /50 настай, эрэгтэй/ өртөж 2 гарын сарвуу бага зэрэг түлэгдсэн байсныг НЯТТ-ийн төвд шилжүүлэн өгсөн.  

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багийн 7 дугаар гудамжинд гэр шатаж байна дуудлагыг 08.28-ны өдрийн 23:59 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 2.3 км зам туулан 00:03 цагт очиход эзэнгүй 5 ханатай гэр шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 01:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан очиход иргэн Ц-ийн 9х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Ойн түймэр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн “Ар тээл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 202 км-т, сумын төвөөс урд зүгт 22 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 08.28-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид ойн түймрийг 13:50 цагт унтраасан. 

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Зайсангийн-Ам” Богд хан ууланд 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 08.28-ны өдрийн 22:30 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км замыг туулан очиж нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Ч/22 настай, эрэгтэй/ “Цэцээ гүн” оргилоос буух замдаа төөрсөн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 03:57 цагт “Бага тэнгэр”-ийн амны модноос эсэн мэнд олсон. 

Цас шаварт суусан: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багийн “Өлзийт булаг” гэдэг газар / аймгийн төвөөс баруун урд зүгт 161 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 9 км-т/ суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 08.28-ны өдрийн 17:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 9 км зам туулан очиход Хэнтий аймгийн Галшар сумаас, Дорноговь аймгийн Айраг сумын чиглэлд 7 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн “Приус-30” загварын суудлын автомашин шаварт суусан байсныг татан гаргасан.     

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top