Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшиж, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 31-ний өдөр баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9 дүгээр сарын 1-ний өдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 2-ны өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-ны өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 31-ний өдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. 31-ний өдөр нутгийн баруун хагаст, 9 дүгээр сарын 1-ний өдөр ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг дахь 14 дүгээр цэцэрлэгийн хойд талд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 17:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход “Уаз-220692” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уурхайчин багийн “Геологи” хороолол 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 08:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход иргэн О-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ангирлаг багийн “Хөх үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 165 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ хашаа, малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 35 км замыг туулан очиход малчин Б-ийн 10х10 хэмжээтэй малын бууц шатаж байсныг 3 цаг 40 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 3 дугаар гудамжинд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 18:00 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход иргэн Я-ийн “Бонго” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Өмнөговь сумын Баянгол багийн “Туулай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 140 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 11 км-т/ 08.29-ний өдрийн 19:30 цагийн орчим 1 гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Малчин Б-ын 6 ханатай гэр шатсаныг орон нутгийн иргэд унтраасан тухай мэдээллийг Баянгол багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Цэнгэл багийн “Баян-Улаан” хорооллын 8 дугаар гудамжинд 08.29-ний өдрийн 23:00 цагийн орчим байшин шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 23:28 цагт хүлээн авсан. Иргэн Б-ын 7×11 метрийн хэмжээтэй байшин шатсаныг тус сумын мэргэжлийн ангийн болон орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг Тосонцэнгэл сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 12:14 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиход иргэн Б-ын “Фусо” загварын авто өргөгчтэй ачааны автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 92 дугаар сургуулийн зүүн талд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 19:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход ашиглагдахаа больсон 6х10 метрийн хэмжээтэй байшингийн суурь дээр хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.         

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 49 дүгээр байрны гадна хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 22:00 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход тус байрны гаднах хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Увс аймгийн Сагил сумын Өндөрмод багийн “Цагаан шувуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км-т, сумын төвөөс баруун зүгт 43 км-т, У-50°16’48.0”, Ө-91°00’36.0”/ 08.29-ний өдрийн 18:20 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 18:26 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сагил сумын Засаг дарга, сумын Байгаль орчны байцаагч болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.  

Увс аймгийн Сагил сумын Өндөрмод багийн “Цагаан шувуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км-т, сумын төвөөс баруун зүгт 43 км-т, У-50°16’48.0”, Ө-91°01’12.0”/08.30-ны өдрийн 00:23 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 00:30 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сагил сумын Засаг даргын Тамгын газрын дарга, сумын Байгаль орчны байцаагч болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.  

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Голын усанд суусан: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “UB-2”-ын гарам гэдэг газар “Туул” голын усанд суудлын автомашин суусан тухай дуудлагыг 08.29-ний өдрийн 13:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн усны эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид ‘Сайханы саравч’ гэдэг газраас 20 км замыг туулан очиход “Пажеро” загварын суудлын автомашин “Туул” голын усанд сууж, Э /47 настай, эрэгтэй/, Б/46 настай, эрэгтэй/,  Б /44 настай, эрэгтэй/ нарыг байсныг аварч, автомашиныг 40 минут ажиллаж татан гаргасан.         

Бусад төрлийн осол /аюул/: Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Хар-Ус” гэдэг газар Намагт 1 хүн шигдэж, гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 08:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиход тус аймгийн Дархан сумын харьяат иргэн Г /35 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ “Хар-Ус” гэдэг тогтоол усны эргээс 10 метр зайд намаг дотор ташаа хүртэлээ шигдэж гарч чадахгүй байсныг 10 минут ажиллан эсэн мэнд гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 63 дугаар байрны 1 давхар бага насны хүүхэд толгойгоо тагтны хаалтны завсар оруулаад гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 19:17 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан очиход Х /8 настай, эрэгтэй/ тагтны хаалтны завсар толгойгоо оруулаад гаргаж чадахгүй байсан тул задаргааны багаж ашиглан 10 минут ажиллан гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top