Хуурайшилт, газрын хөрсний температур нэмэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийн хэмжээнд өнгөрсөн жил зургаан томоохон түймэр гарч, гамшгийн хэмжээнд хүрч байсан. Тэгвэл түүнээс үүдсэн агаарын чанар, дэлхийн температур өөрчлөгдөж, 20-30 жилийн уур амьсгалын шилжилт хийсэн гэнэ.
-БНХАУ-Д ГАН БОЛЖ, УРСГАЛ УС ШИРГЭЖ БАЙНА ГЭВ-
БНХАУ өнгөрсөн долоо хоногт уур амьсгалын өөрчлөлтийг “шар гэрэл”-тэй гамшиг болгон зарлалаа. Cычуань мужаас эхлүүлээд энэ жил хэт халалт нэмэгдсэнийг тус улсын Засгийн газраас уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан гэж үзжээ.
“Синхуа” агентлагийн мэдээлснээр Хятадын төв хэсэгт байрлах Поянг нуур нь анх удаа өөрийнхөө хэмжээнээс дөрөвний нэг болтлоо ширгэсэн байна. Түүнчлэн Хятадын бусад 66 нуур гол хатаж ширгэжээ.
Долдугаар сард халсан өндөр температур нь тус улсын эдийн засагт 400 сая ам.долларын алдагдал гаргасныг БНХАУ-ын Засгийн газраас мэдээлсэн. Ийнхүү уур амьсгалын өөрчлөлт нь эдийн засгийн болон байгаль орчны доройтлыг хурдтайгаар үүсгэж байна.
-ПАКИСТАНД ҮЕРИЙН УЛМААС 1000 ГАРУЙ ХҮН АМИА АЛДЖЭЭ–
Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсад өнгөрсөн зургадугаар сараас хойш орсон их хэмжээний борооны гамшгийн хэмжээнд хүрчээ.
Пакистаны өмнөд нутгийн Синд мужийн захиргаанаас үерийн гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэдэд зориулж нэг сая майхан онлайнаар захиалсан бол ойролцоох Белужистан мужид хий, цахилгаан, интернэт бүрэн тасарч, нутгийн захиргаанаас 100 мянган майхан худалдан авах хүсэлт гаргасан талаар тус улсын Уур амьсгалын өөрчлөлт хариуцсан сайд Шерри Рехман мэдэгджээ.
Тэгвэл өнгөрсөн зургадугаар сараас хойш үерийн улмаас нийт 1033 хүн нас барж, 1527 хүн шархадсан талаар албан мэдээлэл хийжээ. Үерийн улмаас амиа алдсан 1033 хүнээс 348 нь бага насны хүүхэд байгааг олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлж байгаа юм.
-МЭРГЭЖИЛТНҮҮД ЮУГ АНХААРУУЛЖ БАЙГАА ВЭ-
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн явц урьдчилан таамаглаж байснаас хурдацтай явагдаж, түүний үр дагаврыг бууруулахад хүчин чармайлт шаардлагатай байгааг шинжээчид анхааруулж байна.
Тодруулбал, Израилын Вейцманы нэрэмжит шинжлэх ухааны хүрээлэн, АНУ-ын Далай тэнгис, агаарын мандал судлалын үндэсний газар, Массачусетсийн Технологийн хүрээлэнгийн судлаачид дэлхийн өмнөд хагас бөмбөрцөг дэх хур тунадастай хүйтэн шуурганы эрч илэрхий нэмэгдэж байгааг тогтоожээ.
Судлаачдын баг уур амьсгалын өөрчлөлтийн загварыг одоогийн шуурганы ажиглалтын мэдээлэлтэй харьцуулсны дүнд хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн шуурганы эрч сүүлийн хэдэн арван жилд урьдчилан таамаглаж байснаар 2080 онд хүрэх түвшинд хэдийнэ хүрснийг тогтоожээ.
Хур тунадастай хүйтэн шуурга нь агаар мандал дахь дулаан, чийгшлийн шилжилтэд нөлөөлдөг бөгөөд энэ нь дэлхийн цаг уурын янз бүрийн бүсүүдэд нөлөөлдөг гэж судалгааг ахалсан, Вейцманы нэрэмжит шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач Рей Чемке тайлбарлажээ.
Тэрбээр “Хэрэв энэ төлөв цаашид үргэлжилсээр байвал ирэх жилүүдэд хур тунадастай хүйтэн шуурганы эрч улам нэмэгдэнэ” гээд ийм байдал нь дэлхийн өмнөд хагас бөмбөрцгийн оршин суугчдад бодитой томоохон аюулыг учруулна гэдгийг сэрэмжлүүлсэн байна.
Судлаачдын баг сүүлийн 20 жилд шуурга улам хурдацтай эрчимжиж байгааг харуулжээ. Судалгаагаар мөн хүний буруутай үйл ажиллагаа өмнөд хагас бөмбөрцөгт урьд өмнө тооцоолж байснаас илүү их нөлөө үзүүлж болзошгүй гэж дүгнэсэн нь энэ бүс нутагт уур амьсгалын гамшгийг зогсоохын тулд хурдан хийгээд шийдэмгий оролцоо шаардлагатай.
Эх сурвалж: Nature Climate Change