Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Увс аймгт борооорсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс 4-9 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал:   2-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 4-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна. 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-наас ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Увс аймгийн Давст сумын Зүүн хөвөө багийн “Наран” хорооллын 1 дүгээр гудамжинд 08.31-ний өдрийн 13:00 цагт 8 ханатай гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Ж-ын 8 ханатай гэр шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 15:40 цагт аймгийн онцгой байдлын газарт ирүүлсэн.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай” /Очир дагинас ХХК-ийн урд талд/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.31-ний өдрийн 16:16 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан очиход иргэн С-ийн Пикаб загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Багануур дүүрэг 4 дүгээр хорооны 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.31-ний өдрийн 20:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км зам туулан очиход иргэн М-ын 6×9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны “Задгай” хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 08.31-ний өдрийн 20:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 21:06 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.   

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн “Бор-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 10 км-т/ 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 08.31-ний өдрийн 18:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  алба хаагчид 10 км зам туулан очиход Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан иргэн А-ын “Хино” загварын ачааны автомашинтай, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ын “Приус-20” загварын суудлын автомашин мөргөлдөж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн харьяат иргэн  Б /43 настай, эрэгтэй/ төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн, мөн суудлын автомашин нь шатсан бөгөөд галын дөлд хайрагдан түлэгдсэн Б /14 настай, эрэгтэй/ нарыг тус тус эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.   

Төөрсөн, сураггүй болсон: Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Улааншороот багийн “Хүрээтийн сухайт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 77 км, сумын төвөөс зүүн урд зүгт 23 км-т/ Малчин Л, 08.28-ы өдрийн 16:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг 08.30-ны өдрийн 23:24 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд очиж иргэн Л/26 настай, эрэгтэй/-г 10 км радиуст эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.31-ний өдрийн 06:00 цагт тус сумын Улааншороот багийн Хүрээтийн сухайт гэдэг газар /гэрээс нь зүүн урд зүгт 5 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.  

Бусад төрлийн осол /аюул/: Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн “Задгай” дулааны шугамын ухсан нүхэнд хүн унасан тухай дуудлагыг 08.31-ний өдрийн 13:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2 км зам туулан очиход иргэн Э /50 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн/ нь дулааны шугам сольж байсан 1 метр 60 см гүнтэй ухсан нүхэнд унасан байсныг 10 минут ажиллаж эсэн мэнд гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top