Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгаар бороо, Сүхбаатар, Төв аймгийн нутгаар нойтон цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-ний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 6-ны өдөр зүүн аймгуудын нутгаар, 9-ний Алтайн салбар уулсаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хороо, Галуутын гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.04-ний өдрийн 13:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 14 км замыг туулан очиход иргэн Б-н 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 3 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.04-ний өдрийн 14:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Ж-ийн “Терсел” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.     

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 1 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.04-ний өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход иргэн А-ын “Вагон-Р” загварын суудлын автомашин шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.    

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-ийн 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.04-ний өдрийн 17:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Г-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.       

Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн “Наргиагийн салаа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 70 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т/  хураалгаатай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.05-ны өдрийн 00:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийналба хаагчид 70 км замыг туулан иргэн С-ийн 10х15 метрийн хэмжээтэй хашаа, 10 тн өвс шатаж байсныг 2 цаг 49 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Хар нуур багийн “Чихэртэй” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 140 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.04-ний өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 20:50 цагт түймрийг цурамд оруулж, цурам доторхийг цэвэрлэж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн 1 дүгээр гудамжны задгай иргэн М 09.01-ний өдрийн 22:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 09.04-ний өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн М /28 настай, эрэгтэй/ -ийг эрэн хайх ажиллагааг 09.04-ний өдрийн 14:30 цагаас 21:15 цаг хүртэл Булган сумын төвөөр зохион байгуулсан. 09.05-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top