Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:  Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутгаар, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар хойноос 5-10 м/с, говь, тал хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Төв болон зүүн аймгуудын нутгаар эрс сэрүүсэж Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 6-11 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 26-31 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүл багасна, бороо орохгүй, салхи хойноос 5-10 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ, сэрүүсэж 8-10 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас, 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 5-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 5-нд нутгийн баруун хагаст, 6-наас ихэнх нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны “Баянхошуу”-ны 10 дугаар гудамжинд дэлгүүрийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 09:32 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан очиход иргэн М-ийн 8х10 метрийн хэмжээтэй 8 нэрийн дэлгүүрийн барилга шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Найрамдал багийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 12:04 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан очиход иргэн У-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.   

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн “Хандгайт” гэдэг газар / аймгийн төвөөс баруун урд зүгт 168 км, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ аянга буусны улмаас 1 мод шатаж байна гэсэн тухай дуудлагыг 09.03-ны өдрийн 19:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид, Шарга багийн Засаг даргаар   ахлуулсан ажилтнууд 3 метрийн өндөртэй 1 шинэс мод шатаж байсныг 1 цаг 35 минут ажиллаж унтраасан.  

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Чулуут таваг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.03-ны өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 09.03-ны өдрийн 21:00 цагт унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Далантав” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.03-ны өдрийн 12:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 09.04-ний өдрийн 01:40 цагт унтраан тус сумын Засаг даргын орлогчид хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Толгодын-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.03-ний өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 ангийн алба хаагчид хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 20:35 цагт унтраан тус сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаад хүлээлгэн өгсөн.

4.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Дэлгэр багийн “Баян-Овоо” гэдэг газар / аймгийн төвөөс баруун урд зүгт 206 км-т, сумын төвөөс урд зүгт 71 км-т, У-45°07’48.0”, Ө-112°04’48.0”/ 09.03-ны өдрийн 07:51 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 08:02 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.  Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус багийн Засаг даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top