Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Өдөртөө 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд зарим нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 10-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө баг, Рашаант хэсгийн 5-521 тоот /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км, сумын төвд/ 09.03-ны өдрийн 20:30 цагийн орчим 15-20 минут үргэлжилсэн усархаг дуу цахилгаантай аадар бороо орж, аянга буусны улмаас байшин шатсан тухай мэдээллийг 09.05-ны өдрийн 19:55 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд очиход иргэн О-ын 4х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн задгайд/аймгийн төвөөс зүүн зүгт 122 км, сумын төвд/ Айлын хашаанд хураалтай өвс шатаж байна гэсэн мэдээллийг 09.05-ны өдрийн 12:24 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд 1 км замыг туулан очиход иргэн А-ийн хашаанд хурааллтай 2 тн өвс шатаж байсныг унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн 17 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.05-ны өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан-Уул багийн 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.05-ны өдрийн 19:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Т-ын 11х9 метрийн хэмжээтэй байшингийн 3х2 метрийн хэмжээтэй галлагааны өрөөнд цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 12 минут ажиллан унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Хар нуур багийн “Чихэртэй” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 140 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.04-ний өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 09.04-ны өдрийн 20:50 цагт түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг, 4 дүгээр зөрлөг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 20 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 34 км/-т Том оврын /чиргүүлтэй/ ачааны автомашин замын хажуу руу онхолдож, автомашины чиргүүлд 1 хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг Төв аймгийн Цагдаагийн газраас 17:37 цагт хүлээн авсан. Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 15 км замыг туулан очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас нийслэлийн Налайх дүүргийн чиглэлд 43 тн нүүрс тээвэрлэж явсан жолооч О /32 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Норд Бенз” загварын том оврын /чиргүүлтэй/ ачааны автомашин замын хажуу руу онхолдож, зорчин явсан Хөвсгөл аймгийн харьяат иргэн Э /27 настай, эрэгтэй/ автомашины чиргүүлд дарагдаж нас барсан байсныг 19:09 цагт цогцсыг гаргаж, Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлж өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ын гарам гэдэг газар ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, 2 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 09.06-ны өдрийн 02:03 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 26.1 км зам туулан очиход 61-ын гарамаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашины араас А/28 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Пажеро” загварын суудлын автомашин мөргөж, жолооч А /28 настай, эрэгтэй/, зорчигч Б/35 настай, эрэгтэй/ Т /1 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн НЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгч, зорчигч нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Ч /58 настай, эмэгтэй/ Баянгол дүүргийн харьяат Ж /63 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн 1 дүгээр гудамжны задгай Иргэн М 09.01-ний өдрийн 22:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 09.04-ний өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн М /28 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 09.05-ны өдрийн 06:00 цагаас эхлүүлж, тус сумын Баянгол, Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт 10 км-ын тойрогт зохион байгуулж, 11:40  цагт гэрээс нь хойд зүгт 3 км-ын зайд эзэнгүй айлын хашаанд байсныг эсэн мэнд олж ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн.    

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top