ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан бүрэлдэхүүн “Ази, Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах -2022” олон улсын дадлага сургуульд оролцож байна.
Дадлага сургуулийг НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах газар, Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгээс Бүгд найрамдах Индонез улсын Эрэн хайх, аврах газартай хамтран Бали мужийн Денпасар хотноо зохион байгуулж байгаа юм.
Энэ сарын 9-нийг хүртэл үргэлжлэх дадлага сургуульд Австрали, АНУ, Бангладеш, Малайз, Сингапур, БНЭУ, БНСУ, Шинэ Зеланд, Шри Ланка, Камбож, Япон зэрэг 18 орны 180 гаруй төлөөлөгч оролцож байна.
Дадлага сургуулиар бүс нутгийн газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх бэлэн байдлыг дээшлүүлэх, олон улсын аврах багууд хамтран ажиллах, томоохон газар хөдлөлтийн аюул, гамшгийн үед гадаадын улс орон, олон улсын байгууллагуудаас тусламж хүсэх, хүмүүнлэгийн болон эмнэлгийн тусламж үзүүлэх, тусламжийг хүлээн авах, сэргээн босгох ажиллагаа явуулах зэргийг шат дараалалтайгаар зохион байгуулан үзүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.