Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с байна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор 22-27 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. 28-30 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-ний өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-ны өдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-ний өдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 12-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 9-ний өдөр зарим газраар, 10-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-ны өдөр Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 10, 11-ний өдөр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн “Хан Баянзүрх хайрхан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 47.5 км-т/ 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.07-ны өдрийн 06:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 47.5 км замыг туулж очиход иргэн Т-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.       

Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн “Янзгатын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 52 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.07-ны өдрийн 08:47 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 11 км замыг туулан очиход иргэн Г-ийн 0.8 тн өвс ачиж явсан “Субару самбар” загварын бага оврын ачааны автомашин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй багийн 2 дугаар хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.07-ны өдрийн 14:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 24 км замыг туулан очиход иргэн М-ийн автомашины хуучин дугуй худалдаалдаг 5х14 хэмжээтэй байшин болон дотор нь хураалгаатай дугуйнууд шатаж байсныг 5 цаг 43 минут ажиллаж унтраасан. 

Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн “Баянтухай” гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 05:15 хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход иргэн З-ийн 3×3 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 45 дугаар байр тагт дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 09.07-ны өдрийн 14:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход тус байрны иргэн Ш-ийн тагтан дээр эд, хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 84 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.07-ны өдрийн 22:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Б-ын 6х11 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 4х6 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Хар нуур багийн “Чихэртэй” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 140 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.04-ний өдрийн 10:00 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд түймрийг цурамд оруулж, 09.07-ны өдрийн 11:25 цагт бүрэн унтраасан.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаантүнгэ багийн Улаан-Үзүүр гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 92 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 12 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.06-ны өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 09.06-ны өдрийн 22:05 цагт цурманд оруулж, 09.07-ны өдрийн 17:15 цагт бүрэн унтраасан.

Баян-Өлгий аймгийн Алтай сумын Шар нуур багийн Хол-Агваас гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 146 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.07-ны өдрийн 19:35 цагт хүлээн авсан. Алтай суманд 09.04-ний өдөр гарсан түймрийг унтраагаад буцаж явсан тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр анги, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж байна.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Увс аймгийн Малчин сумын Баян-Эрдэнэ багийн “Цагаан бургасын дэнж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс урд зүгт 32 км-т/ Тус сумын харьяат малчин Г 09.04-ний өдрийн 18:00 цагийн орчим согтуугаар гэрээсээ явганаар гараад сураггүй болсон бөгөөд тус сумын мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд хамтран 09.04-ний өдрөөс 09.07-ны өдрийн хүртэлх хугацаанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг 09.07-ны өдрийн 18:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 150 км замыг туулан очиж 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

        ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top