Баянхонгор аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2022” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд монгол ахуй соёл, өв уламжлалыг сурталчлан таниулах, нөхөрсөг харилцааг бүрдүүлэх зорилгоор “Соёлын өдөрлөг” арга хэмжээг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр гадаад, дотоодын оролцогчдод зориулсан монгол ахуй, соёлын үзэсгэлэн гаргаж, 256 бөхийн барилдаан, сурын харваа, жороо морины уралдаан, сайхан хос шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, язгуур урлагийн тоглолтыг сонирхуулсан юм.
“Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургуульд Монгол Улс, АНУ-ын талын зохион байгуулагч, сургагч багш нараас гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, яам, агентлаг, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Дундговь, Өвөрхангай аймаг, Вьетнам, Их Британи, Непал, Тайланд, Шри Ланка, Шинэ Зеланд, Бангладеш улс, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, хүмүүнлэгийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.