Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн түүхт 50 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Тус анги нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1972 оны долдугаар сарын 08-ны өдрийн 266 дугаар тогтоолоор тус аймагт Гал команд байгуулахыг НАХЯ-д зөвшөөрснөөр түүхэн замнал нь эхэлсэн түүхтэй.
Өдгөө 50 жилийн хугацаанд ой, хээрийн болон ахуйн гал түймрийн 398 хүн, мал амьтны гоц халдварт өвчний 67, цаг агаарын аюулт үзэгдлийн 101, удаагийн буюу нийт 566 дуудлагаар ажиллан 488 хүний амь нас, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 58.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг аймгийн хэмжээнд нэр төртэй биелүүлж байна.
Энэ хугацаанд алба хаагчдаас Гал унтраах техникийн олон төрөлт спортын спортын мастер 3, I зэргийн тамирчин-32, II зэргийн тамирчин-46 тус тус төрөн гарчээ.
Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд анги, байгууллагуудын ажлын орчинг сайжруулах, алба хаагчдын ажиллах бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд нийт 10 төрлийн 154.4 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүллээ гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.