Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Хоногийн хугацаанд нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно.  Бусад нутгаар багавтар үүлтэй. бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 градус, говийн бүс нутгаар 29-34 градус, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Өдөртөө 27-29 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 16-нд говь, тал, хээрийн нутгаар, бусад хугацаанд нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 13-нд нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн төв хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанӨмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн “Товон” хороололд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 12:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид 1.3 км замыг туулан 12:40 цагт очиход иргэн Ц-гийн 4 ханатай гэр шатаж байсныг 13 минут ажиллан унтраасан.

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 12:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 12:54 цагт очиход иргэн М-ийн 7х6 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг, эд зүйл шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит баг, 1 дүгээр хэсэгт байшин шатаж байна гэсэн дуулагыг 09.11-ний өдрийн 13:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 13:25 цагт очиход иргэн Э-гийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 11 минут ажиллан унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгой баг “Уранмандал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 9 км/-т автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 18:05 цагт очиход иргэн Б-гийн УАЗ-2206 “Фургон” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 22 дугаар гудамжны задгайд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 01:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 01:35 цагт очиход 0.2 га орчим газарт шар өвс шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Чулуут-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 340 км, сумын төвөөс хойд зүгт 70 км, Цагааннуур сумаас хойд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.09-ний өдрийн 08:25 цагт хүлээн авсан. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, Аврах 69 дүгээр анги, Рэнчинлхүмбэ сумын мэргэжлийн анги, Цагааннуур сумын мэргэжлийн ангийн алба хаагчид 2 бүлэгт хуваагдан ажиллаж, 09.11-ний өдрийн 17:00 цагт цурманд оруулсан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн “Үртэстэйн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км, сумын төвөөс урд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.10-ны өдрийн 19:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагчид, сум дундын Ойн ангийн ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж 09.11-ний өдрийн 07:00 цагт цурамд оруулж, 11:50 цагт бүрэн унтрааж, Тарвагатай нурууны байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

Хээрийн түймэрСэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Тарвагатай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 188 км-т, сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.10-ны 19:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагч, сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны байцаагчид 20:07 цагт түймрийн голомт руу хөдөлж, 20 км замыг туулан 21:00 цагт очиход 30 тн орчим өнжмөл боодлын өвс шатаж байсныг 09.11-ний 06:00 цагт бүрэн унтрааж, сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Өндөр-Улаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 375 км, сумын төвөөс зүүн урд зүгт 15 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.11-ний өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 ангийн алба хаагчид, тус сум дахь Хилийн цэргийн 0198 дугаар анги, тус ангийн 7 дугаар заставын алба хаагчид, сумын засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 12:56 цагт очиж, түймрийг унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймрийн урт 50 орчим км, өргөн 4-5 км байна. 

Ой, хээрийн түймэр: Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн “Буга согоотын цуурай” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 380 км, Тэс сумаас зүүн хойд зүгт 60 км, Баянтэс сумаас хойд зүгт 60 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.08-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. Завхан аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар анги, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Увс аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр анги, Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги, Хилийн цэргийн 0277 дугаар анги, Сонгино суман дахь Зэвсэгт хүчний 274 дүгээр ангийн алба хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Баянтэс сумын мэргэжлийн анги, Тэс сумын мэргэжлийн анги, Асгат сумын мэргэжлийн анги, Баянхайрхан сумын мэргэжлийн анги, Нөмрөг сумын мэргэжлийн анги, Түдэвтэй сумын мэргэжлийн анги, Сонгино сумын мэргэжлийн ангийн алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байна. Тухайн түймэр нь Монгол Улсын хилийн 57-58 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэрт тархан шатсан бөгөөд 09.11-ний өдрийн байдлаар түймрийн зүүн урд талаас баруун урд тал хүртэл 5.6 км-т зурвас татах, цуравдаж унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осолСэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 167 км, сумын төвөөс зүүн урд зүгт 69 км, Бугант тосгоноос зүүн хойд зүгт 1 км/-т хиймэл нууранд 1 хүн живсэн гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 15:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, цагдаагийн газрын алба хаагчид 167 км замыг туулан 21:38 цагт очиход алтны уурхайн карьерын /өргөн нь 200 метр, урт нь 500 метр/ хиймэл нууранд компанийн ажилтан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат Б /25 настай, эрэгтэй/ живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top