Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Баян-Өлгий аймагт бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газраар 17-22 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч, шороон шуурга шуурна, 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 14, 15, 17-нд говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с, 16-нд Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 14, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны “Задгай”-д цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 16:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 16:27 цагт очиход компанийн хашаанд цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.  

Хувийн өмчид гарсанДархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 25 дугаар хорооллын “Задгай”-д шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 13:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 13:58 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 15:40 цагт очиход иргэн Г-гийн 4х3 метрийн хэмжээтэй амбаар, хашааны банз шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.   

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хар-Уул багийн “Хар-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км, сумын төвөөс зүүн зүгт 11 км-т/ хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.13-ны өдрийн 01:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 11 км зам туулан 02:08 цагт очиход иргэн Б-гийн өвөлжөөнд хураалттай байсан өвс шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.  

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Чулуут-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 340 км, сумын төвөөс хойд зүгт 70 км, Цагааннуур сумаас хойд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.09-ний өдрийн 08:25 цагт хүлээн авсан. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумын мэргэжлийн ангийн алба хаагчид 2 бүлэгт хуваагдан ажиллаж 09.11-ний өдрийн 17:00 цагт цурамд оруулсан. 09.12-ны өдөр “Чулуут-Уул”-ын хойд талаар 4.8 км-ын урттай хамгаалалтын зурвас татсан. Түймэрт урьдчилсан байдлаар 12 га ойн талбай шатсан.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Моорог-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 320 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 20:47 цагт хүлээн авсан. Ренчинлхүмбэ сумын “Чулуут-Уул”-ын түймэр дээр ажиллаж байсан Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан хүмүүс 09.12-ны өдрийн 19:00 цагт “Моорог-Уул”-ын чиглэлд явсан.  

Хээрийн түймэрДорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Өндөр-Улаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 375 км, сумын төвөөс зүүн урд зүгт 15 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.11-ний өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 анги, Хилийн цэргийн 0198 дугаар анги, тус ангийн 7 дугаар заставын алба хаагчид, сумын засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 12:56 цагт очиж түймрийг унтраахаар ажиллаж 09.12-ны өдрийн 08:06 цагт цурамд оруулсан бөгөөд 09:30 цагт унтраасан. Урьдчилсан байдлаар 45000 га талбай шатсан. 

Ой, хээрийн түймэр: Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн “Буга согоотын цуурай” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 380 км, Тэс сумаас зүүн хойд зүгт 60 км, Баянтэс сумаас хойд зүгт 60 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.08-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. 09.12-ны өдөр 3 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг: Тэс сум дахь Гал түймэр унтраах аврах 57 дугаар ангийн захирагчаар ахлуулсан ОБА-ны алба хаагчид, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид, Нөмрөг, Сонгино, Тэс, Баянхайрхан сумын мэргэжлийн ангийн алба хаагчид “Цагаан голын шар халзан” гэдэг газар 1 км урт, 4 м өргөн, “Бургастын даваа” гэдэг газар 500 м урт, 2 м өргөн, “Буга согоотын-Ам” гэдэг газар 800 м урт, 2 м өргөнтэй хамгаалалтын зурвас,  2 дугаар бүлэг: Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан ОБА-ны алба хаагчид, Хилийн цэргийн 0277 дугаар анги, Тэс сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Нөмрөг сумын иргэд, Сонгино, Баянхайрхан сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, Түдэвтэй сумын иргэд “Хачгийн даваа” гэдэг газар, “Цуурай-Амны дунд халзан” гэдэг газар 300 метр урт, 1 метр өргөнтэй хамгаалалтын зурвас, 3 дугаар бүлэг: Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан Увс аймгийн Онцгой байдлын газар, Завхан аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Хилийн 0277 дугаар ангийн 4 дүгээр заставын алба хаагчид, Асгат, Баянтэс сумын иргэд “Баян хөндий” гэдэг газар 400 м урт, 4 м өргөнтэй хамгаалалтын зурвасыг тус тус татсан бөгөөд 500 м газар ойд чөлөө үүсгэх зурвас татах, цэвэрлэх ажиллагаа зохион байгуулж байна. Тухайн түймэр нь Монгол Улсын хилийн 57-58 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэрт тархан шатсан. Урьдчилсан байдлаар 6700 га талбай шатсан.

4. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Говь-Алтай аймгийн Цээл сумын Бүрэн багийн “Босго” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 192 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 57 км-т/ 09.12-ны өдрийн 13:15 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 13:22 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цээл сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.                            

5. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осолСэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 167 км, сумын төвөөс зүүн урд зүгт 69 км, Бугант тосгоноос зүүн хойд зүгт 1 км/-т хиймэл нууранд 1 хүн живсэн гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 15:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, цагдаагийн газрын алба хаагчид 167 км замыг туулан 21:38 цагт очиход алтны уурхайн карьерын /өргөн нь 200 метр, урт нь 500 метр/ хиймэл нууранд тус компанийн ажилтан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат иргэн Б /25 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орж живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг 09.12-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж 08:08 цагт 6 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.   

Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн “Саам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ Хэрлэн голын эрэг дээр 6 хүн (2 нь хүүхэд) зугаалж байснаас 1 хүүхэд Хэрлэн голын усанд живсэн тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 17:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 25 км зам туулан 18:21 цагт очиход нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны оршин суугч иргэн Б-гийн охин А /2 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 09.13-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.

Бусад төрлийн осол /аюул/: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан багт ухсан нүхэнд 1 хүн унасан тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 08:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2.5 км туулан 08:26 цагт очиход иргэн Б /23 настай, эрэгтэй/ 4 метрийн гүнтэй нүхэнд унаж ухаан алдсан байсныг 08:46 цагт эсэн мэнд гаргаж Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шилжүүлэн өгсөн.    

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top