Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Завхан,  Орхон, Өмнөговь, Сэлэнгэ,Төв, Хөвсгөл, Ховд аймгуудад бороо орсон. Баян-Өлгий аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, говь, тал, хээрийн нутгаар 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон голын хөндийгөөр 4-9 градус, Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 25-30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бороо орно, салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ, 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 17-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 20:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 8.5 км зам туулан 20:53 цагт очиход иргэн Э-гийн 10х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.   

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай” /дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хажуу талд/ дулааны шугамын худагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 22:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 22:17 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.             

3. Ой, хээрийн түймэр

Ойн түймэрХөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Чулуут-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 340 км-т, Ренчинлхүмбэ сумын төвөөс хойд зүгт 70 км-т, Цагааннуур сумаас хойд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.09-ний өдрийн 08:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, Рэнчинлхүмбэ сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж 09.11-ний өдрийн 17:00 цагт цурмад оруулсан. 09.15-ны өдөр цурмыг цэвэрлэн бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Моорог-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 320 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 20:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, 09.13-ны өдрийн 19:00 цагт түймрийг цурамд оруулсан бөгөөд 09.15-ны өдрийн 13:05 цагт бүрэн унтраан “Улаан тайга”-ын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт урьдчилсан байдлаар 8 га талбай өртсөн.

Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн “Буга согоотын цуурай” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 380 км-т, Тэс сумаас зүүн хойд зүгт 60 км-т, Баянтэс сумаас хойд зүгт 60 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.08-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. Тус түймрийг 09.13-ны өдрийн 18:00 цурамд оруулсан бөгөөд 09.15-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар анги, Тосонцэнгэл сум дах Онцгой байдлын хэлтэс, Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах дугаар анги, Увс аймгийн Онцгой байдлын газар,  Хилийн цэргийн 0277 дугаар анги, ЗХ-ний 325 дугаар ангийн Сонгино сум дахь 274 дүгээр салбар, Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж буй алба хаагчид, Тэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд түймрийн голомтоос баруун зүгт Цагаан голын-Ам, Шар халзангийн-Эх,  Бургастын-Ам гэдэг газарт цурамыг цэвэрлэн ажиллаж байна. Мөн 15:30 цагт бороо орсон бөгөөд урьдчилсан байдлаар 6700 га талбай шатсан. Тэс сумын Засаг даргын Тамгын газрын 12 ажилтан, 1 автомашинтай түймрийн голомтоос 18:00 цагт буусан.

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн “Шонт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж байна.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсонСэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Хадай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 180 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км-т/ малчин М 09.12-ны өдрийн 13:00 цагийн орчим малаа хариулж яваад сураггүй болсон бөгөөд эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 09.13-ны өдрийн 09:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Хүдэр, Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд,  ар гэрийнхэн тус аймгийн Алтанбулаг сумын харьяат малчин М /38 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 09.14-ний өдрийн 07:00 цагаас 20:00 цаг хүртэл тухайн айлын намаржаанаас баруун зүгт “Хадай” уулнаас зүүн хойд зүгт 8 км-т явганаар, зүүн зүгт 10 км-т морьтойгоор зохион байгуулсан. 09.15-ны өдрийн 07:00 цагаас эхлэн “Хадай” гэдэг газраас хойд зүгт “Хясаа” гэдэг газар хүртэл 30 км-т, мөн газраас баруун зүгт “Бор толгой” гэдэг газар хүртэл 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 09.16-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.  

Бусад төрлийн осол /аюул/: Ховд аймгийн Буянт сумын Цагаан гол багийн “Элсэн шанаа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 45 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ “Хар-Ус” нууранд орж шаварт шигдсэн адуугаа авах гэж нуур руу завьтай орсон 2 хүн салхинд туугдан эргээс холдсон тул нуураас гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 45 км зам туулан 22:20 цагт очиход тус сумын харьяат иргэн Э /44 настай, эрэгтэй/, Б /17 настай, эрэгтэй/ нар нуурын эргээс 800 орчим метр холдсон байсан тул 09.16-ны өдрийн 00:30 цагт эсэн мэнд нуурын эрэг дээр гаргасан бөгөөд шаварт шигдсэн 30 адууг гаргах ажиллагааг зохион байгуулж байна.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт багийн “Хөшөөт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 81 км-т, сумын төвөөс баруун зүгт 1 км-т/ 1 хүн худагт унасан тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 22:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн ангийн алба хаагчид 1 км зам туулан 22:23 цагт очиход М /39 настай, эрэгтэй/ нь 5 метрийн гүнтэй худгаас ус авах гэж байгаад унасан байсан тул эсэн мэнд гаргаж сумын эмнэлэгт хүргэж өгсөн.   

5. Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Үер: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутгаар 09.15-ны өдрийн 13:50-14:05 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас айлын хашаа, гэр усанд автсан тухай дуудлагыг 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид ажиллаж иргэн Э-гийн 4 ханатай гэр, иргэн Д-гийн 4 ханатай гэр, иргэн Н-ийн 4 ханатай гэр, суудлын автомашин усанд автсан байсныг тус бүр 5 метрийн урттай шуудуу ухаж усыг зайлуулсан.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top