О.Оюунбилэг: Амжилт бол бидний өөрсдийн гаргасан шийдвэр, амьдралаа бүтээж байгаа үнэ цэнэ гэж ойлгодог

289328457_2662247487242301_1308805755602243805_n-sited.jpg

 “Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн дугаарт  ОБЕГ-ын дэргэдэх Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн ахлах мэргэжилтэн, ахмад О.Оюунбилэг оролцож байна. Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 7 дахь жилдээ ажиллаж байгаа. Энэ хугацаанд 113 дугаар ангид сургалтын арга зүйч, менежер, сургалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2021 оноос хойш хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр үүрэг гүйцэтгэж байна.

-Солонгын 7 өнгөнөөөс өөрийгөө аль өнгөтэй зүйрлэх вэ? Яагаад энэ өнгөтэй зүйрлэх болов?

 Хөх өнгөнд дуртай. Хүүхэд байхын хөх, цэнхэр өнгөнд илүү дурлаж, ийм өнгөтэй хувцас, хэрэгслийг түлхүү сонгож хэрэглэдэг байсан. Анх албаны хувцас өмсөж байхдаа надад зориулагдсан ч юм шиг, энэ хувцсыг би өмсөх ёстой байсан ч юм шиг санагдаж байлаа. Хөх өнгөний бэлгэдэл нь төгсөшгүй, дуусашгүй санааг илэрхийлж, алдар хүндийг дагуулдаг. Гүн хөх өнгө нь мөнх тэнгэр мэт өнө мөнхөд оршин тогтнохын бэлгэдэл болдог.

-Хүний сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу? Яагаад?

Хүний хүсэл сонирхол, амьдрал дээр өөр байдаг тохиолдлууд байдаг байх. Би өндрөөс айх айдастай хэрнээ задгай салхийг мэдэрч, шүхрээр бууж үзэхийг хүсдэг байлаа. Онцгой байдлын байгууллагад алба хаах болсноор параглейдерийн спорт уулын шүхрээр бууж, хүсэл сонирхлынхоо нэг хэсгийг биелүүлсэн. Өндөрт дүүлэн нисэж байгаа шувууд шиг эрх чөлөөтэй, уужим сайхан мэдрэмжийг авч чадсан шүү.

-Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Хүүхэд байхдаа эмч болохыг мөрөөддөг байлаа. Эмч болж байгаагаар төсөөлж, дүрд нь хувирч тоглоно. Эмч хүнийг маш их хайрлаж, хүндэтгэнэ. Гэхдээ багш мэргэжлийг сонгож, суралцсан. Бусдын ойлгоогүй байгаа, мэдэхгүй байгаа зүйлийн талаар заах, үлгэрлэх гэдэг талаасаа илүү сонирхол татаж, сонголтоо хийж байсан. Одоо ч сургалтын үйл ажиллагаатай байнгын холбоотой ажил, үүргийг гүйцэтгэж байна. Эмнэлэг сувиллын байгуулагад ажиллах болсон нь хүүхэд насны мөрөөдөл биелсэн байх гэж боддог.

Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтанд хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол….?

– Мөрөөдлийнхөө маргаашийг бүтээх боломж гэж хүлээж авдаг. Өөрийн амьдралынхаа үнэ цэнийг бүтээж байна гэсэн сэтгэлээр л ажил, үүргээ гүйцэтгэдэг. Та хэрхэн амьдрах нь таны гаргаж байгаа шийдвэрийн л үр дүн сонсож байсан. Амжилт бол бидний өөрсдийн гаргасан шийдвэр, амьдралаа бүтээж байгаа үнэ цэнэ гэж ойлгодог.

-Магтаал шүүмжлэл хоёрын аль нь таныг хурцалдаг вэ?

Аль, аль нь л хурцалж, урам өгч урагшлах хүч болдог. Аливаа зүйлийн тун нь таарч байж л төгс болдог шүү дээ. Тийм болохоор зөв шүүмж, урам хайрласан магтаалыг хэрэгтэй цагт нь хэлэх нь чухал байх.

-Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?

-Бидний дотор буюу сэтгэлд оршдог. Аз жаргал бол сэтгэлийн өнгө. Тухайн өнгө хүн бүрт өөр, өөрөөр илэрхийлэгдэн хүрч, мэдрэгддэг байх. Сэтгэлийн хүч, энерги гэдэг тухайн хүний аливаад хандах хандлагыг тодорхойлдог гэж ойлгодог.

-Таны бахархал?

Бусдын халуун амийг аварч, амьдрал бэлэглэж байгаа алба хаагчидтай мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа бахархдаг. Тийм ч учраас албаныхаа мөн чанарт дурлаж, ажилдаа эзэн байхыг хичээдэг дээ.

-Таныг цэргийн хүнээс гадна өөрөөр юу гэж тодорхойлж болох вэ?

-Хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг дэмждэг, итгэлт найз нь байхыг хүсдэг. Тийм болохоор үр хүүхдэдээ хайр энхрийллийг түгээх ээж хүн гэж тодорхойлж болно.

Эх сурвалж:  “Онцгой мэдээ” сонин

scroll to top